fbpx

Эцэг, эхийн өрөө

image

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч танд зөвлөмж хүргэж байна.

Эцэг эхчүүд ядарч хямарсан үедээ эсвэл хүмүүжлийн арга гэж үздэгийнхээ улмаас хүүхдээ загнан дарамталж, зодож шийтгэдэг.

Гэвч…

Зодож шийтгэх, сэтгэл санаагаар дарамтлах болон бусад хүчирхийллийн арга нь маш их хор уршигтай.

  • Хүүхдийн бие махбодыг гэмтээдэг
  • Өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг
  • Хүүхдийг аймхай болгодог
  • Хүүхдийн түрэмгий догшин байдлыг өөгшүүлэн дэвэргэдэг
  • Уур, эсэргүүцлийг төрүүлж, эцэг эх-хүүхдийн харилцаанд муугаар нөлөөлдөг.

Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг шийтгэл нь бидний хүүхдүүддээ зааж сургахыг хүсдэг зүйл БИШ юм.

Мэдээлэл өгөх, хүндлэх, оролцоог нь хангахын төлөө ЗА гэж хэлье!

Хүмүүжүүлнэ гэдэг бол зааж сургана гэсэн үг юм. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн аюулгүй орчинд өсч хүмүүжих, хүчирхийллээс хамгаалуулах, сурч хөгжих явцдаа оролцох эрхийг хүндлэн, хүүхдийн зан үйлийг удирдан чиглүүлэх сургалтын арга барил, хандлага юм.

ХЭРВЭЭ ТА ХҮҮХЭДТЭЙ БОЛ…

Хүүхдээ хүмүүжүүлж, зааж сургахдаа юуг анхаарах ёстой вэ?

1. Холын зорилгоо санаарай

Хүүхдээ бусдыг хүндэлдэг, аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийддэг хүн болгох зэрэг холын зорилгоо байнга санаж байх нь ойр зуурын жижиг асуудлаас болж хүүхдээ цохихгүй, уурлаж загнахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

2. Хүүхдээ бие махбод болон сэтгэл санааны хувьд аюулгүй байлгаарай

Хүүхэд тань аюулгүй орчинд өсч, аливаа зүйлд суралцаж, хөгжих нь чухал. Алдаа гаргасных нь төлөө түүнийг шүүмжилж, зодож цохиж болохгүй.

3. Хүүхдээ хүндэлж, ойлгомжтой харилцаарай

Хэрвээ та хүүхдэдээ хүндэтгэлтэй хандвал тэр таны шаардлагыг хүндлэн биелүүлэх болно.

4. Хүүхдийнхээ санаа бодлыг ойлгоорой

Хэрэв та хүүхэдтэйгээ ярьж, тэднийг сонсож, хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг нь ойлгохыг хичээвэл та илүү сайн багш болно.

5. Асуудлыг шийдвэрлэж байгаарай

Сайн зааж сургахын тулд та аливааг тунгаан бодож, урьдчилан төлөвлөж, тайван хандах хэрэгтэй.

ЗӨВ ДАДАЛТАЙ БОЛОХЫН ТУЛД

Эцэг эхчүүд бид, эерэг хүмүүжлийн аргыг хэрэглэж дадахын тулд дараах зүйлсийг урьдчилан бодож, төлөвлөх хэрэгтэй юм. Үүнд:

Холын зорилгынхоо талаар эргэцүүлэн бодох.

Би хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна вэ? Өөртөө итгэлтэй өөдрөг нэгэн үү? Эсвэл аймхай хулчгар хүн үү? Аз жаргалаар дүүрэн тайван дөлгөөн хүн үү? Эсвэл уур уцаартай, догшин түрэмгий нэгэн үү? Миний хийж буй үйлдэл холын зорилготой минь нийцэж байна уу?

Уурласан үедээ ч хүүхдийнхээ сэтгэл санаа, бие махбодын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар бодох.

Миний хүүхэд алдаж, буруу зүйл хийсэн ч зодож шийтгэлгүй, хайртай гэдгээ хэрхэн харуулах вэ?

Хүүхэдтэйгээ ойлгомжтой, хүндэтгэлтэй харилцах талаар бодох.

Хүүхдээ аливаад суралцах, амжилтад хүрэхэд нь хэрэгтэй, зөв мэдээллийг яаж өгөх вэ?

Хүүхдийнхээ санаа бодлын талаар бодох.

Хүүхдүүд өсч бойжих тусам бодож сэтгэх нь өөрчлөгддөг. Тэдний ааш, зан үйл хувирахтай холбогдуулан тэдэнд зааж сургах аргаа томчууд өөрчлөх хэрэгтэй болдог.

Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх холын зорилгоо нягталж, хүүхэдтэйгээ хэрхэн элэгсэг дотно харилцах, аливааг хэрхэн ойлгуулах тухай эргэцүүлэн бодож, хүүхдээ яаж бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг нь тунгаан ойлгож чадвал бид ямар ч нөхцөлд асуудлыг зөвөөр шийдвэрлэж хүүхдэдээ бахархан дуурайх хүн нь байж чадна.

Хүүхдийг Ивээх Сан хүмүүжлийн эерэг арга зүйг системтэйгээр түгээн дэлгэрүүлэх замаар хүүхдийн бие махбод, сэтгэл санааны бүх төрлийн хүчирхийллийг халахад хүч тавина.

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх