fbpx

Хүмүүжил

image

Та бүхэндээ ЭЭНЭЭГИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ хүргэж байна.

Үг бол зүрх!

МАГТАХ
Өө ямар мундаг юм бэ! Ёстой хүчтэй, зоригтой хүүхэд шүү гэж хэлэхээс өөрөөр бид ямар магтаалын үгсийг мэддэг вэ? Үнэхээр энэ хэдэн үгс маань бяцхан цэргүүд рүү нэвтэрч, тэдний бие даах болоод өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг юм болов уу?

Эцэг эх бид юмны учрыг олж амжаагүй жаахан үрсээ өөрсдийн хүссэнээр байгаагүйнх нь төлөө загнадаг, бөгсөн дээр нь алгаддаг. Харин хийж чадсан зүйлийнх нь төлөө магтаж, сайшаадаг бил үү? Магтах гэж ер юуг хэлээд байдаг юм бэ?

Миний бие Япон улсад суралцаж байх хугацаандаа магтаал гэдэг амт хужир нь таарсан хоолтой өдөр бүр учирдаг байв. Аргагүй л чи юм даа, чи үнэхээр чаддаг юм байна гэхчилэн ихэвчлэн харагдах байдал гэхээсээ илүүтэйгээр хийсэн үйлийг минь магтдаг байлаа. Магтуулсан хүн ямагт дахин магтуулахыг хүсэхдээ өөрийн одоо байгаагаасаа илүү сайжрахыг хүсэх эрмэлзэлдээ эзэмдүүлж хичээдэг юм билээ.
Энэ утгаараа магтаал бол яахын аргагүй өсөлт дэвшилтийн шим тэжээл нь. Ийнхүү, магтаал гэгч нь дан гагц хүүхдэд бус нас бие гүйцсэн хүмүүст ч хэрэгцээгээ тулбал тун чиг чухаг зүйл болохыг олж харсан. Гэхдээ зөв аргаар, манайхны хэлдгээр мэдрэмжтэй магтах хэрэгтэй байгаа юм. Хүүхдүүдийн хувьд гэвээс тэдний хувь хүүхдийн онцлог, зан байдалд тааруулан магтахад суралцах нь ээжийн чадвар нэгээр нэмэгдсэнтэй адилтгаж болно.

ИЧИМХИЙ ХҮҮХЭД
Түүнд хэлэх үгс: Юманд ул суурьтай, нухацтай ханддаг хүүхэд шүү! Жаахан нэрэлхэх тохиолдол хэнд ч байдаг юм. Бусдын хэлэхийг, харахыг мэдэрч бодолгүй яах вэ, гэхдээ жаахан өөртөө итгэлтэй байж үзвэл ямар вэ?

Хүүхдийн онцлог: Багшийн асуусан асуултад ичээд хариулдаггүй, найзуудынхаа дунд яриа эхлүүлдэггүй, тоглоом тоглохдоо хэн нэгний урилгыг хүлээж байдаг.
*Яг өөрийнхөөрөө ингээд олны дунд гарч болно, чи хангалттай хөөрхөн, зоригтой хэмээн хэлж өөрт итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн зоригжуулах. Хүүхдийнхээ талд буйгийн илрэл болгож түүний мэдэрснийг ээж нь ч гэсэн мэдэрч буйгаа тайвнаар, ойлгогдохуйцаар илэрхийлэх. "Ээж нь ч гэсэн тийм байдалд орж байсан, яг тэгдэг шүү. Чамд үнэхээр хэцүү, ичмээр байсан юм байна, тээ?" хэмээн юуны түрүүнд түүнийг хүлээн авах. Тэгээд түүнийг дээрх үгээр магтах. Хамгийн сүүлд нь яавал дахин тийм зүйлтэй тулгарахгүй байх талаар хүүхэдтэйгээ ярилцах.

ЗӨРҮҮД ХҮҮХЭД
Түүнд хэлэх үгс: Өөртөө үнэхээр итгэлтэй хүүхэд шүү! Өөрөөрөө байхыг хүссэн юм уу?
Уг нь бол, жаахан бусдын сэтгэлийг бодож үзвэл дээр байсан юм.
Бусдыг бодож, бусадтай хамт гэдгээ ойлговол миний хүү/охинд л тустай хэрэг юм даа.

Хүүхдийн онцлог: Найзуудынхаа аясаар биш өөрийнхөөрөө зүтгэж, яг өөрийнх нь хэлснээр байлгахыг хүсдэг. Багшийн үгийг дуулсан ч дуулаагүй юм шиг гөжүүдэлдэг.
* Ийм хүүхдүүдийг яаж ч загнаж үглэсэн цагийн гарз. Тиймд юуны түрүүнд түүнийг хүлээж авах. Юу хэлмээр байсан юм бэ? Юуг хиймээр, яг яах гэж байсныг нь үг дуугүй чагнаж аль болох ойлгох. Тэгээд дараа нь "Өө миний хүү/охин өөрөө энэ хүртэл бодож тунгаасан нь сайн хэрэг байна, ээж нь ч бас гарцаагүй тэгэх байсан биз хэмээн өөрийгөө түүний талд буйгаа мэдэгдэж тайвшруулах чухал. Ингээд ээж нь түүний талд байгааг ойлговол харилцан цаашдаа тухайн нөхцөлд хэрхэхийг ярилцах боломжтой болно.

ОЛОН ЗҮЙЛИЙГ СОНИРХОЖ ДОРХИНОО УЙДДАГ ХҮҮХЭД
Түүнд хэлэх үг: Зөндөө олон зүйлд дурладаг сайн хүүхэд. Юм бүхэн учир битүүлэг, сонирхолтой байгаа биз? Тэр ч гоё, энэ ч гоё. Гэхдээ нэг зүйлдээ удаан төвлөрвөл түүнээс дутахааргүй сонин байж магадгүй дээ.

Хүүхдийн онцлог: Нэг зүйлдээ удаан тогтдоггүй. Зураг зурж байгаад дундаас нь хаях, суудлаасаа босож гүйх, тоглоомоосоо хурдан залхах, өөр сонирхолтой зүйлсийг эрэлхийлэх.
*Зүгээр суу! Босохгүй шүү! гэх зэрэг загнаад нэмрийг үл үзэх болов уу. Загнахаас илүү ая эвийг нь олон магтах нь илүү үр дүнтэй. Төвлөрдөггүй залхамтгай занг нь онцлолгүй юманд дур сонирхолтой байгааг нь магтах. Сониуч зан хүнд ямар их хэрэг болдог тухай, энэ зуур тэдгээрээсээ нэгэнд нь илүү их дурлаж сонирхох болох байх даа, аль чамд илүү сонирхолтой байна вэ хэмээн сайн талыг нь довойлгож өгөх.

ХУРЦ, ШИРҮҮН ААШТАЙ ХҮҮХЭД
Түүнд хэлэх үг: Сэргэлэн, хүчтэй хүүхэд шүү! Өөрийнхөө хүссэнийг илэрхийлж чадахгүй болохоор уур нь хүрэлгүй яах вэ дээ. Гэхдээ жаахан найзынхаа хэлэх үгийг дуулбал санаснаас чинь хэрэг амархан өнгөрчих ч юм бил үү? Дараагийн удаа туршиж үзвэл ямар вэ?

Хүүхдийн онцлог: Хүссэнээр нь болохгүй бол уурлаж найзтайгаа муудалцдаг. Биеэ барьж чадалгүй цохиод авдаг, тоглоомоо шиддэг.
* Цохих, тоглоомоо шидэх зэрэг биеийн хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ ээ гэдэг нь өөрийгөө үгээр сайтар ойлгуулж чадахгүй байгаагийн шинж тэмдэг. Иймд өөрийнхөө хүссэн зүйлийг амаараа эхлээд яг ингээд үгээр хэлбэл найз нь түүнийг илүү ойлгож хамт тоглох байсан тухай ойлгуулах хэрэгтэй. "Хамт тогломоор байна найз аа, надтай хамт тоглооч", "Яг одоо би хэрэглэж байна, хэрэглэж дуусахаараа чамд өгч тоглуулъя" гэхчилэн юу гэж хэлбэл ойлголцож болох талаар хамтдаа ярилцах чухал.

УЙЛАНХАЙ ХҮҮХЭД
Түүнд хэлэх үг: Өөрийгөө ойлгуулж чадахгүй болоод л уйлж байгаа юм шүү дээ! Яахаа мэдэхгүй хэцүү байна уу? Хэрвээ өөрийнхөө санаа бодлыг жаахан хичээгээд хэлдэг болчихбол ингэж уйлах шаардлагагүй болно.

Хүүхдийн онцлог: Үл ялиг үл ойлголцолтой тулгарвал шууд л уйлдаг. Өөрөө хийж чадахгүй байна, хэн нэгэн нь түүнд шударга бус хандсан хэмээн усан нүдэлдэг.
* Өөртөө итгэх итгэл хомсоос хэн нэгэнд анхаарагдахгүй байгаагаа мэдрэмэгцээ өөрийн орон зайгаа уйлж мэдрүүлдэг. Ийм хүүхдүүдэд бие даах чадварыг нь голчлон магтаж өгөх хэрэгтэй. "Тэр ээ! Ганцаараа чадаж байна. Пөөх ийм хэцүү зүйлийг ээж нь байсан бол чадахгүй байсан байх, гэтэл чи хэн нэгэнгүйгээр чадчихлаа гэж үү?" гэх мэт..

X
Нэвтрэх