fbpx

Боловсрол

image

Сүүлийн үед олдмол анхаарал дутмагшилтай, хэт хөдөлгөөнтэй бага насны хүүхдүүд олширч байна. Олдмол анхаарал дутмагшилд ахуй, амьдралын хэв маяг гол нөлөөлтэй. Тиймээс аав ээжийн анхаарал, идэвхтэй оролцоо, эерэг хандлага маш чухал. Хэрвээ таны хүүхэд анхаарал төвлөрөлт муу, хэт хөдөлгөөнтэй бол:

САХИХ ДҮРЭМ
1. Өдөр бүр тогтмол цагт 15-20 минут агаарт тайван алхах. Их биш бага биш хааяа биш ТОГТМОЛ. Энэ нь хүүхдийн тархины эсийн идэвхжлийг дэмждэг.

2. Элсэн чихрийн агууламжтай бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд хориглох. Чихэр нь бага насны хүүхдүүдийг хэт идэвхжүүлэх (үргэлж гүйх харайх, орилж хашгирах, огцом уурлах) гээд олон талын сөрөг нөлөөтэй.

3. ТОГТМОЛ ЦАГТ сайн унтаж амрах. Нойр дутуу бол тархины уян хатан чанар алдагддаг. (Хүүхдийн наснаас хамаарсан унтах цагийн зөвлөгөөг өмнө хүргэж байсан. 3-4 нас 21.00, 5-6 насныхан 21.30 цагт унтсан байх хэрэгтэй).

4. Дэлгүүр, үзвэрийн газраар 60 минутаас дээш хугацаагаар дагуулж явахгүй байх

5. Зурагт+Утас үзэх (дэлгэц ширтэх) хугацаа өдөрт 30 минутаас ихгүй байх. Хэчнээн хэрэгтэй тоо шүлэг, гадаад хэл үзэж байсан ч дээрх хэм хэмжээгээ баримтлах.

(Зарим хүүхэд 2-3 цагаар дэлгэц рүү төвлөрч чаддаг. Энэ нь идэвхгүй анхаарал төвлөрөлт буюу нэг ёсондоо донтох үйл эхэлж байгаагынх. Үүнийг зарим эцэг эхчүүд анхаарал төвлөрөлттэй сууж чадаж байна хэмээн андуурдаг)

6. Өдөрт уух шингэний хэмжээг алдуулахгүй байх (Хүүхдийн биеийн жинг 0.033-аар үржихэд өдөрт уух дундаж усны хэмжээ гарна)

ДЭМЖИХ ДАСГАЛ ТОГЛООМ

1. Тоог урдаас нь хойш хэлээд эргээд ардаас нь хэлэх дасгал (16700 – 00761, 12345-54321 г.м), урагш 20 тоолж алхсан бол ухарч 20 тоолж алхах. Тархины ашиглагдахгүй байгаа синапсуудыг идэвхжүүлж өгдөг маш дэмтэй дасгал. Өдөрт 10 хүртэл минут хийхэд болно. Ихдүүлбэл хүүхэд залхуурч хийдэг тул үр дүнгээ өгөхгүй.

2. Нуруун дээр нь тоо, дүрс, үсэг бичиж таалгаж тоглох нь

3. Өдөр бүр тогтмол 15-20 минут зурагт ном уншиж өгөх, дүрүүдийн талаар харилцан ярилцах

4. Завсарлага авах. Нэг дор удаан хугацаагаар ямар нэгэн зүйлд анхаарлыг хандуулах гэж хүчлэх нь тархийг ядрааж алсдаа сурах хүсэл эрмэлзлийг бууруулахаас гадна анхаарал төвлөрөх чадвар саармагжиж сониуч зангүй алга болчихдог. Тухайлбал, 6 настай хүүхдийг 10-15' гэрийн даалгаварын дасгал хийлгээд 5-7' завсарлана.

5. Хоёр гарын "Хайч, чулуу, даавуу" тоглоом. Хүүхэд өөрийн хоёр гараараа дээрх тоглоомыг тоглож баруун, зүүн гарынх нь аль нэг ялагч болно. Хүүхэд эхэндээ нэг ижил буюу хоёр гараа цаас, хоёр гараа хайч гаргаж байснаа аажмаар анхаарлаа хуваарилаж хоёр гар өөр өөрийг (хайч&чулуу) гаргаж сурдаг 👍

6. Аав ээжтэйгээ мөлхөж уралдах. Ингэхдээ зүгээр уралдахгүй нэг урагшлахдаа нэг амьтан, эсвэл хоол нэрлэнэ. Амьтан нэрлэх, хоол нэрлэх, дотны найзуудаа нэрлэх гэх мэт сонголтуудаа тоглоом эхлэхийн өмнө тохирно. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт нэмэгдэхээс гадна, цээжлэх санах ой идэвхжинэ. Мөн гарын жижиг булчингийн хөгжлийг дэмжих, хүүхдийн хөдөлгөөний энергийг задлахад ч нэмэр нөлөөтэй маш чухал дасгал.

7. Өгүүлбэрийг гүйцэд анхааран сонсох дасгал. Аав ээжийн хэн нэг өгүүлбэр уншина. Уншиж дууссаны дараа сүүлийн "гахай" гэсэн үгийн өмнөх амьтны нэрийг нэрлэх нөхцөлтэй? Жишээ нь: "Гахай муур арслан халиун буга гахай бар могой хулгана гахай" Тэгвэл хариулт "Хулгана" байж таарна. Энэ нь хүүхдийн сонсож ойлгох анхаарал төвлөрөлтөд маш чухал дасгал. Өгүүлбэрийг өөрчлөөд олон янзаар зохиож тоглоорой.

8. Гарын алгаараа барилдах. Хүүхэд аавтайгаа эсвэл ээжтэйгээ ах эгчтэйгээ гарын алгаа нийлүүлэн түлхэлцэж тэнцвэрийн байрлалаас хазайлгахыг оролдох. Энэ үед өрсөлдөгч том биетэй жижиг биетэй байхаас үл хамааран анхаарал төвлөрөлт гарын алга руу хандаж чаддаг.

9. Шатар тоглох. Ялангуяа аав нь хамтран тоглох.

10. Гарын алгаа нийлүүлээд хүчээ үзэж тоглох. Анхаарал төвлөрөлтөө хуваарилж сурна.

X
Нэвтрэх