fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд дийлэнхдээ 3-4, 6-7 насандаа айдас ихтэй байдаг. 3-4 насанд хүүхдийн хийсвэр сэтгэлгээ өндөр байдаг тул хальтхан үзэж харсан зүйлээ ургуулан төсөөлж, түүнээсээ айчихдаг. 6-7 насанд хүүхэд шинэ орчин, үүрэг хариуцлага, найз нөхдийн хүрээлэлтэй болох зэрэг олон шалтгааны улмаас өөртөө итгэл алдаж, хиймэл айдсууд бий болдог.

Хүүхэд тань айдас, түгшүүр ихтэй анзаарагдвал та:

☝️ Хүүхдээ арганд оруулахын тулд хиймэл зүйлээр айлгахгүй байх (хоолоо идэхгүй бол эмч тарина, эрт унтахгүй мангаа дуудлаа, багшид чинь хэллээ гэх мэт)

☝️ Айдас түгшүүр төрүүлсэн хүүхэлдэй, кино, зурагт ном үзүүлэхээс татгалзах

☝️ Хүүхдээ хэн нэгнээр харуулж үлдээх, шинэ газар орхихдоо тэндээ юу хийх ёстойг, та өөрөө хэдийд ирж авахыгаа тодорхой хэлж, хэлсэндээ заавал хүрч байх (Хэлсэндээ хүрч, хийх зүйлийг нь тодорхой байлгах нь маш чухал, эс чадвал хүүхдийн итгэл алдарч дахин тийм орчинд үлдэхгүй айдаг)

☝️ Өөрийгөө ороодог хүүхдээ гэрт нь үлдээхдээ ч мөн нууцаар, хэлэлгүй гарч болохгүй. Заавал үнэнээ хэлж гарах. (Эхэндээ хүүхэд нэхэж уйлна. Удалгүй ээжид гарах шаардлага байдаг тэгэхдээ удахгүй ирдэг гэсэн итгэлтэй болж ээжгүй үлдэх айдас арилдаг)

☝️ Хүүхэд тоос сорогч, хана өрөмдөх зэрэг чанга дуу чимээнээс айдаг бол хүүхдийнхээ гарнаас барин хамтдаа тоос сорогчийг унтраагаарай. Тэгээд тоос сорогчийг онгойлж үзүүлэн үүргийг нь тайлбарлаж өгөөрэй. (Би үүнийг унтрааж зогсоож чадна гэдэг эр зориг хүүхдэд бий болдог)

☝️ Хүүхэд харанхуйгаас айдаг бол өдөр шөнө хэрхэн ээлжилдэг болох, гэрэл сүүдэр гэж юу болох, нар сар оддын тухай ярьж өгч тоглоом тоглоорой.

☝️ Хүүхдээ аль болох олон шинэ газраар аялуулж бага багаар шинэ найзуудтай болгож үлдээж байгаарай.

☝️ Хүүхдийнхээ дэргэд өөрийн түгшүүрээ хянаж, хэцүү байсан ч хэлэх үг үйлдлээ дөлгөөн байлгах (Боль, битгий, болгоомжтой бай унаж бэртэнэ гэж гэнэт цочмог чанга хашгирсан үгүүд хүүхдийг хиймэл айдастай болоход маш нөлөөтэй)

☝️ Хүүхэд ямар ч бүтэлгүйтэл, сүйтгэл хийсэн хариуцлага тооцохдоо гар хүрч, зодож шийтгэж болохгүй. (Хүүхэд хүчирхийлэл, шийтгэлийн айдсаас болж юу ч хийх, шинийг сэдэх хүсэлгүй болдог)

☝️ Унтахын өмнө уншиж өгөх үлгэрүүд аз жаргалгүй төгссөн, хий үзэгдэл, мангас, араатан агуулсан байх нь тохиромжгүй. (Хүүхэд унтахдаа үргэлжлүүлдэг гэдгийг анхаараарай)

☝️Хүүхдийн дэргэд болон хэвлийд байх үед нь чанга хашхичин хэрэлдэх, юмс шидлэж хангинуулах зэрэг нь дуу чимээний айдсыг төрүүлдэг.

☝️ Дийлэнх хүүхэд цэцэрлэг, сургуульд элсэн орохдоо уйлдаг. Уйлж байна гэдэг айдсаа илэрхийлж буй хэлбэр. (Цэцэрлэг, сургуульд элсэн орохоос нь өмнө багш, цэцэрлэг сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах, хичээл эхлэхээс өмнө урьдчилж очиж танилцах, хүүхдийнхээ дэргэд "- Яана аа, ямар багш таарах бол, - Манай энэ яах бол" гэх мэт сөрөг зүйлсийг ярихгүй байх)

Хүүхдийг айсан үед юун сүртэй юм, айх зүйл алга, эр хүн байж гэх мэтээр шүүмжлэлгүй чанга гэгч тэврээд нурууг нь зөөлөн илэх юмуу цохиж тайвшуулаарай. Түүний дараа айдсынх нь шалтгааныг олж тайлбарлаарай.

Заа аав, ээжүүд минь хичээгээрэй. Айдсыг давах хүч нь таны ХАЙР, ТАНЫ ТЭВРЭЛТ. Хайраас ялгарах окситоцин болон эндорфин нь ямар ч айдас түгшүүрийг үгүй хийх хүчийг тухайн хүнд бэлэглэдэг шүү.

X
Нэвтрэх