fbpx

Боловсрол

Теле хичээлийн зохион байгуулалт, түүний хүртээмж, хүүхдийн сурах арга барил болон сурах үйлд эцэг эхийн дэмжлэг хэр чухал байдаг талаар Ерөнхий боловсролын 84-р дунд сургуулийн англи хэлний багш Б.Цэрэндолгортой ярилцлаа. 

Тэрээр нийслэл төдийгүй гурван аймагт илгээлтийн багшаар ажиллаж байсан туршлагатай ба 21 дэх жилдээ багшилж байгаа аж. Мөн Монголын багш нарын холбооны ТУЗ-ийн гишүүн, "Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн юм.

- Та теле хичээл зааж байна уу?
- Манай сургуулийн багш нар сургууль дээрээ хичээл тус бүрээр баг болон теле хичээлээс орхигдсон зүйл юу байгааг судлан, тухайн агуулгаараа 7 хоногт 2-3 удаа zoom болон PPT файлаар хичээлээ хүргэдэг. Эсвэл хүүхдүүд ойлгоогүй, хүндрэлтэй байсан сэдвийн хичээлийг нь давтлага өгөх хэлбэрээр заадаг.

- Нэмэлтээр хичээлийн агуулгыг заахыг танай сургуулийн захиргаанаас зохион байгуулж байна уу эсвэл яамнаас өгсөн чиг үүрэг үү?
- Эхэндээ манай сургуулийн багш нар өөрсдийн санаачилгаар ийнхүү заадаг байсан ч яамнаас уг үйл ажиллагааг оновчтой хэмээн дэмжиж, бүх сургуульд хуваарь гаргаж өгсөн байна лээ. Энэ нь сургууль бүр дээр баталгаажин, эцэг эхчүүдийн хувьд ч таатай хүлээн авч байгаа нь ажиглагдсан.

"БАГШ НАР ЦАХИМААР ХИЧЭЭЛЭЭ ЗААХДАА ДАТАГАА ӨӨРСДӨӨ ХУДАЛДАН АВЧ БАЙНА"

- Теле хичээлийг та багш хүнийхээ хувьд хэрхэн дүгнэх вэ?
- Уг нь теле хичээл бол сургалтын арга барилын маш боломжийн хэлбэр юм шүү дээ. Танхимаар хичээллэхэд сурагч нэг удаа сонсоод л өнгөрнө, харин теле хэлбэрээ үзэхдээ ухрааж, дахин дахин үзэх боломжтой. Мөн БШУЯ-ны сайт дээр хичээлүүд хадгалагдсан байдаг, сурагчид түүнийг нөхөж үзэх боломжтой гээд давуу тал олон.

Үүнд нэг хүндрэлтэй зүйл нь хүүхэд бүр гар утасгүй, датагүй, интернетэд холбогдох боломжгүйд байгаа юм. Түүнийг эс тооцвол үр өгөөжийн хувьд боломжийн хэмээн боддог. Жишээ нь, манай 11-р ангийн сурагчид сонгон суралцах гурван хичээлээ дээрх сайт дээрх хичээлүүдээс 5-р ангиас нь эхэлж хийн, орхигдуулсан зүйлсээ нөхөж байна. Энэ мэтчилэн давуу тал байгаа ч техник, санхүүгийн хувьд дутагдалтай зүйлс байна. Миний хувьд хөл хорионы үед агаар салхинд байх гээд Зүүнсалаанд байгаа учраас энд сүлжээ байхгүй болохоор заавал гар утсаараа датагаар орох хэрэгтэй болж байгаа юм. Жишээ нь би 8000 төгрөгөөр нэг дата аван өдөрт 4-5 цагийн хичээл ороход долоо хоног ч хүрэхгүй дуусчихдаг.

- Тэрхүү дата худалдан авах мөнгөө та хувиасаа гаргадаг уу?
- Хувиасаа гаргадаг. Багш нар энэ төрлийн хэрэглээгээ ихэвчлэн л хувиасаа гаргадаг. Бидэнд хичээл практикийн зардал гэж байдаггүй. Бусад мэргэжлийн хүмүүсийн ажлын багаж, хэрэглэгдэхүүнийг улсаас хангадаг шүү дээ. Эмч нар зүү, тариураа өөрсдөө авдаггүй. Гэтэл багш нарт нэг ч шохой өгдөггүй, бүгдийг өөрсдөөсөө гаргадаг. Багш хүн хүүхэд болгоны ялгаатай байдалд нийцүүлэн хичээлээ заая гэвэл цаас, хувилагч, шохойгүйгээр бэрх шүү дээ. Хэрэв тэдгээрийг нь улсаас хангаад өгчихдөг бол багш бид нар ажлаа хийхэд хүндрэл гарахгүй.

Теле хичээлийн тухайд багш нарын хувьд ачаалал их ирж байгаа ч авууштай зүйл байна. Жишээ нь, би ажилдаа явахдаа түгжрэлд өнгөрөөдөг хоёр цагийнхаа оронд хүүхдүүддээ заах хичээлээ бэлтгэж байна. Хоцрогдлын түвшин доогуур байгаа сурагчдаа нэг групп болгоод давтлага орчхож байна. Мөн заавал бүгдийг нь үзэхийг шаардахгүй, хүссэн нь хийх боломжтой интерактив хичээлийг хамтдаа хийгээд өдөрт 40-50 минут хичээллэх маягаар бүр эхнээс нь зааж байна. Энэ мэтчилэн цахим хичээлийн давуу тал байна.

- Теле хичээлийг хийхэд эцэг эхийн оролцоо хэр чухал вэ?
- Одоо сошиалаар явж байгаа хүмүүсийн хандлагыг ажиглахаар “Хүүхэд хоцрогдолд орж байна” хэмээн бухимдсан эцэг эх цөөнгүй байна. Жишээ нь, нэг ангид байгаа 50 хүүхэд 50-уулаа өөр. Тэдгээр 50 хүүхдэд багш 50 өөр янзаар хичээл заах ямар ч боломжгүй. Харин тухайн хүүхэд эцэг эхийн тусламжтайгаар тв хичээл, багшийн нэмэлтээр өгч байгаа хичээлийг үзвэл хоцрогдол нь арилах боломжтой. Үүн дээр эцэг эхчүүд өөрсдөө туслахгүй харин ч “Тв хичээлээ үз, бичсэн тэмдэглэл чинь хаана байна” хэмээн хүүхдэд шууд тулгадаг. Тухайн хүүхэд дэвтрийн нүүр дүүрэн тэмдэглэл хийх нь чухал уу, ойлгосон зүйлсээ товч тэмдэглээд хичээлээ мэдлэг болгон авах нь чухал уу? гэдгийг бас бодох хэрэгтэй.

Дийлэнх эцэг эх туслахаас илүүтэй хүүхдийг дэвтэрт нь хуулуулах л сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, дэвтэртээ хэдий чинээ их юм бичнэ, хэдий чинээ их сууж даалгавраа хийнэ тэр хэмжээгээр нь хүүхдээ юм хийж байна гэж ойлгоод байна. Маш хөнгөн аргаар зааж болно шүү дээ. Эцэг эх өөрөө ч зэрэгцэж үзээд, тухайн хичээлийнх нь талаар ярилцаж болно.

Яалт ч үгүй эцэг эхэд их ачаалал ирж байгааг үгүйсгэхгүй. Өмнө нь хүүхдүүд нь өдөр сургууль, дугуйлан секцдээ яваад орой нь эцэг эх нь гэртээ ирэхэд нь даалгавраа хийгээд сууж байдаг байсан. Харин одоо бол бүгд гэртээ, тэнд нэг нь хичээлээ хийх гээд л, энд нэг нь тв хичээлээ үзэх гээд л, эсвэл багш нь “Танай хүүхэд өнөөдөр хичээлээ үзсэнгүй”, “Тэр өдрийн даалгаврыг нь нөхөж явуулаарай” гэх мэт хариуцлагыг эцэг эхээс шаардахад үүссэн бухимдлаа эргээд нийгэмд буюу сошиалд гаргаж, цаашлаад хүүхдэдээ ч хатуурхах, бүр их ачаалал өгөх хандлага ажиглагдаж байна. Тиймээс хүүхдээ шахалгүй, өөрөө ч цухалдалгүй боломж хэмээн эерэгээр харах хэрэгтэй байна. Хүүхдийнхээ хийж байгаа хичээл, сурах бичиг, дэвтэр рүү нь өнгийж хараарай.

Би заримдаа айлаар орохдоо хүүхэд нь хичээлээ хэрхэн хийж байгааг ажигладаг юм. Зарим айлын гэр нь цэмбийгээд, хүүхэд нь зурагтаа үзээд теле хичээлийн тэмдэглэлээ бичээд сууж байдаг. Харин зарим айлд хүүхдийнх нь хичээл ном, сурах бичиг, усан будаг, харандаа нь талаар нэг тарчихсан байдаг. Яг үнэндээ тэр хүүхэд л хөгжиж байгаа. Учир нь хичээлээ өөрийн гараар туршин бодитоор хийж үзэж байгаа юм. Гэтэл зурагтаар хичээлээ зүгээр үзээд сууж байгаа хүүхэд зүгээр нэг төсөөлөл л авч байгаа болохоос өөрийн гараар мэдэрч хийгээгүй учир хоцрох нэг шалтгаан болж байгаа юм. Энэ зүйлийг л эцэг эх ойлгоосой, өөрийн гараар хийх боломжийг нь олгоосой, хамтдаа хийгээсэй гэж хүсдэг.

- Нөгөөтээгүүр эцэг эх өөрсдийнхөө сурсан хуучин арга барилаар хичээлийг нь давтуулах гэхээр хүүхэд “Багш ингэж заагаагүй” гээд заах арга барилын хувьд зөрчилддөг. Энэ тохиолдолд яах вэ?
- Теле хичээл нь нэг өдөрт 60 минутаас илүүгүй хугацаанд хүүхдэд хүрдэг. Бага ангийнх бүр 40 минут байдаг. Тэгэхээр эцэг эх тэрхүү хугацаанд л хүүхдэдээ цагаа зарцуулаад хичээлийг нь хамтдаа үзэн, багшийн хэлж буй зүйлийг бататган заах юм бол хүүхэд илүү сайн ойлгоно. Тэгэхгүй “Миний үед ийм байсан” гээд өөрсдийнхөө аргаар тулгаад байхаар хүүхэд ойлгохгүй. Аливаа заах аргын шинэчлэлийг эцэг эх ч гэсэн мэдэж байхад илүүдэхгүй. Магадгүй багш хүүхдэд тань маш хөнгөн аргаар зааж өгсөн байж болох ч “Ээжийг /аавыг/ нь бага байхад ингэж зааж байсан” гээд хоёр дахь хувилбарыг танилцуулсан ч илүүдэхгүй.

Гэхдээ багшийн заасан арга барилыг нэн түрүүнд дэмжих хэрэгтэй. Түүний дараа багшийн заасан “хөрсөн дээр” өөрийнхөө туршлагаа тулгахгүйгээр танилцуулж болно гэсэн үг. Хэрэв өөрийнхөө арга барилыг тулгавал хүүхэд багшийнхаа зааснаас алхам хоцорчхож байгаа хэрэг. Багш хуучны арга барил, туршлагыг хэзээ хаяхгүй, харин ч түүнээс авахыг нь аваад илүү засан сайжруулсан арга барилаар зааж байдаг. Багш бол нэг үгээр мэдлэгийг бүтээж, тухайн мэдлэгийг хүүхдэд эзэмшүүлэх, өөрийн болгох технологийг боловсруулж байгаа технологич юм шүү дээ.

- Сурагчид бараг хоёр жил танхимаар хичээллэсэнгүй. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүйн нийгэмд эзлэх байр суурь, хэтийн амьдралд хэрхэн нөлөөлнө хэмээн та бодож байна вэ?
- Бид энэ цаг хугацааг боломж болгон ашиглах юм бол хүүхдийн төлөвшлийг бий болгож болно. Бид мэдлэгийн араас хэт их явдаг. Гэтэл мэдлэгийг эзэмших чадвар болон хурд хэзээ бүрэлддэг юм бэ. Энэ нь тухайн хүүхдэд төлөвшил хэр хурдан бий болохоос шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд хэдий чинээ хурдан төлөвшинө төдий чинээ ямар ч мэдлэгийг хурдтай, хялбар аргаар эзэмшиж чаддаг.

Хүүхдийн төлөвшил тааруу байвал хэчнээн хугацаанд ямар ч аргаар заасан ч мэдлэгийг тогтоохгүй. Эцэг эх хүүхдэд төлөвшлийг бий болгоход тэр бүр анхаардаггүй, хаячихдаг. Нэг үгээр хүүхэд тогтвортой байх, аливааг хүлээж авах чадвар, хүлээцтэй хандах, сайн мууг ялгах ухаан гэр бүлийн орчинд бүрдэх ёстой. Гэтэл тэрхүү чадварууд нь гэр бүлд тогтох орчин бүрдэхгүй байна. Өглөө гараад л, хүүхдээ унтсан хойно гэртээ ирдэг эцэг эх олон. Тэгэхээр хүүхэд өнөө цагт бүгдэд нээлттэй байгаа цахим орчноос сөрөг харилцаа, сөрөг хандлагыг сураад байгаа юм. Анхаарлаа төвлөрүүлэх, хуваарилах чадвар нь нэгэнт төлөвшсөн хүүхэд хичээлээс хоцрохгүй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эцэг эх, хүүхэд хоёрын харилцаа улам дотно болж, нэгнээ анхааралтай сонсдог, үзэл бодлыг нь хүндэтгэж нэгнээ буруутгахгүй, хүлээцтэй ханддаг харилцаа тогтчихсон бол дараагийн асуудал хүндрэлтэй биш. “Зурагтын урд дэндүү их суулаа, хүүхэд утаснаас салахаа байлаа” гэдгийг олон ч эцэг эх хэлж байна. Бид хүүхдийг шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс тусгаарлаад хаа холдох юм бэ? Тэд технологийн хурдыг гүйцэж, түүнийг ашиглаж л сурна шүү дээ.

Хамгийн гол нь зөв зохион байгуулалттай, тодорхой хугацаатай хэрэглэх ухааныг л эзэмшүүлэх хэрэгтэй. Хүүхдийг багаас нь аливааг төлөвлөлттэй хийх, хариуцлагатай байх чадварыг суулгах нь чухал юм. Эцэг эх өөрсдөө төлөвлөлттэй, хариуцлагатай байх юм бол хүүхэд мөн л дуурайн тэрхүү чадварыг эзэмшдэг. Тиймээс бид энэ цаг хугацааг сөргөөр хүлээж авалгүй боломж гэж харах хэрэгтэй байна.

- Ярилцсанд баярлалаа.

X
Нэвтрэх