fbpx

Суулгалт

image

Хүүхдийн өтгөн шингэрч усархаг болж, 24 цагийн дотор гурваас олон удаа ус, цус, задраагүй хоол тэжээлийн үлдэгдэл, залхагтай өтгөн алдахыг суулгалт гэнэ. Шалтгаан нь дийлэнхдээ вирус (ротавирус, норовирус, астровирус, эховирус, энтеровирус) байх ба зарим тохиолдолд нян, харшил, антибиотик эсвэл идсэн уусан хоол хүнс байж болдог.

Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тус өвчин нь шууд үхэлд хүргэхгүй ч, хүүхдийн биеийн эсэргүүцлийг сулруулж, аливаа өвчинд өртөмтгий болгох төдийгүй цаашид хүүхдэд урт хугацааны сөрөг үр дагавар авчирдаг. Мөн суулгалт нь халдварт өвчин тул дахин тусах магадлалтай.

РОТАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ
0-5 настай хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учирдаг. Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр байдаг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2009-2016 оны хооронд хийсэн судалгаагаар Монгол улсад 3000-н ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчний тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь суулгалтын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт хүүхдүүдийн 45 хувийг эзэлж байна. Эдгээр хүүхдүүдийн тал хувь нь 6-11 сартай хүүхдүүд байжээ. Мөн ихэнх суулгалт өвчин есдүгээр сараас арванхоёрдугаар саруудад бүртгэгдсэн. Учир нь вирусын халдвар өвлийн улиралд хүүхдийн суулгалтын хамгийн түгээмэл шалтгаан болдог аж.

Африк, Ази тивийн хөгжиж буй орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 30 хувийг цочмог суулгалт өвчин эзэлдэг. Суулгалт өвчнийг үнэтэй эм, антибиотик ба хураагуур судсанд шингэн сэлбэх эмчилгээ эсвэл амаар шингэн нөхөх эмчилгээ хийж эдгээдэг. Гэвч энэ нь улс орны эдийн засаг, эрүүл мэндийн төсөвт ашиггүй ачаалал учруулсаар байна.

РОТАВИРУСЫН ВАКЦИН

Хөгжиж буй орнуудад эмнэлгийн хүртээмж муу, хангалтгүйн улмаас суулгалт өвчин хүнд хэлбэрт шилждэг. Цочмог суулгалтыг зөвхөн амаар шингэн нөхөх эмчилгээ мөн хураагуур судсанд шингэн сэлбэх эмчилгээгээр эдгээдэг аж. Гэвч амьдралын боломж тааруу, эмнэлэгт хандах боломжгүй зэргээс болж тус эмчилгээг хийлгэхгүй байсаар хүүхэд шингэний дутагдалд орж үхэх эрсдэлд ордог байна.

Харин тус вирусын эсрэг найдвартай хамгаалалт нь вакцин юм. ДЭМБ нь ротавирусын эсрэг вакциныг суулгалт өвчин ихтэй орнуудад үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулахыг зөвлөдөг. Тус вакциныг хүүхдэд зургаан долоон хоногтой байхаас нь эхлэн нийт гурван тунгаар хийдэг бөгөөд хөгжиж буй орнуудад санал болгодог нэг тунгийн бөөний үнэ нь долоон ам.доллараас 20 ам.долларын хооронд (2014 оны байдлаар) байдаг аж. Харин АНУ гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад 200 ам.доллар ба тус улсын заавал хийлгэх ёстой вакцины жагсаалтад багтдаг байна.


2016 оны байдлаар ротавирусын эсрэг вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулсан орнууд (Ногооноор тэмдэглэсэн нь)

Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс ротавирусын эсрэг вакциныг нэвтрүүлсэн ба 80 гаруй нь заавал хийлгэх дархлаажуулалтын хөтөлбөртөө тус вакциныг оруулжээ. Монгол улсын хувьд тус вакциныг нэвтрүүлэхээр холбогдох байгууллаггууд ДЭМБ-тай хамтран судалгаа хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл тус вакцин манай улсад орж ирэх эсэх нь ч тодорхойгүй байгаа гэсэн үг.

СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ БУСАД АРГУУД

Иймд бид танд суулгалт өвчнөөс сэргийлэх аргуудыг хүргэе.

  • Хүүхдийг зургаан сар хүртэл нь зөвхөн хөхөөр хооллох. Учир нь зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүн дэх өвчнөөс хамгаалах бодис хэрэгцээт шим тэжээлийг өөр ямар ч шингэнээс авч чадахгүй.
  • Хүүхдэд зургаан сараас нь эхлэн насанд нь тохирсон нэмэгдэл хоолонд оруулахын зэрэгцээ хоёр нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх.
  • Хүүхдийн тэжээлийг найруулж буй болон уулгаж буй ус нь буцалгаж ариутгасан байх.
  • Гараа байнга угаах: хөхүүлэх/хооллох, хоол хийхийн өмнө, жорлонд орсон, живхийг сольсны дараа 15 секундээс багагүй хугацаанд савандаж угаах. Хүүхдийнхээ гарыг ч мөн байнга савандаж угаах, ялангуяа хуруу гараа амандаа хийдэг бол.
  • Хүүхдийн угж, тоглоом, хөтөвчийг байнга угааж цэвэрлэх, шаардлагатай бол ариутгах. Гал тогоогоо цэвэр байлгах.
  • Хоол ундыг нь бэлтгэх, хадгалахдаа ариун цэвэр эрүүл ахуйн нийтлэг дүрмүүдийг мөрдөх (жимсийг түүхийгээр нь өгөх бол угааж хальслах, бусад бүтээгдэхүүнүүдийг сайтар болгох, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг устгах, хоолны савнаас идэх хэмжээгээр нь тасалж авах, хөргөгчийн температур 40С түүнээс сэрүүн байх, хөргөгчийг хэт дүүргэхгүй байх гэх мэт).
X
Нэвтрэх