fbpx

Хүүхдийн хооллолт

image

"Угжны хүүхдэд илрэх хам шинж"-ийг анх 1930-аад онд хүүхдийн эмч доктор С.Вильямс олж мэдэж угжны хүүхдэд суулгах, шингэн алдах, тураалд хүрэх хам шинж илэрнэ хэмээн тодорхойлж байв.

Мөн 1960-аад оноос Ямайкийн хүнс, хоол тэжээлийн хүрээлэнгийн доктор Д.Желиффе угжны сүүний зар сурталчилгаа хүүхдийн эрүүл мэндэд хор учруулж байгааг "худалдааны гаралтай тураал" гэсэн нэр томьёо гарган илэрхийлсэн.

Үүнээс хойшхи олон жилийн судалгаа нь угжны сүү, угжаар хооллох нь олон талаараа хүүхдийн эрүүл мэнд, эх хүүхдийн холбоо, эхийн эрүүл мэндэд ч муу нөлөөтэй болохыг тогтоосон. Угжаар хооллодог хүүхэд зөвхөн эхийн сүүгээр хооллож байгаа хүүхдийг бодвол халдварт өвчнөөр өвчлөх нь 10 дахин, менингитээр 4 дахин, дунд чихний үрэвсэл, ходоод гэдэсний замын өвчнөөр 3-4 дахин илүү өвддөг байна. Угжаар өссөн хүүхэд багтраа, харшил, экзем, чихрийн шижин өвчнүүдэд өртөх магадлал өндөр, тунгалгын булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал 5-8 дахин их гэдгийг судалгаагаар тогтоожээ.

ХҮҮХДИЙГ ЯАГААД УГЖНЫ СҮҮГЭЭР ХООЛЛОХ БОЛОВ

Хөхний сүү муудахад сүүгээ сайжруулах, дахин сүү оруулах гээд олон аргыг хэрэглэж үзээд, бүр болохгүй бол түр хугацаагаар эмчийн зөвлөгөөний дагуу өөр сүүг угжаар биш аяга, халбагаар өгөх ч хөхний сүү хүүхдийн ганц хоол гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Эх түр хугацаагаар хүүхдээсээ холдох, эх маш хүндээр өвдөх гээд шалтгаан гарах тохиолдол байдаг. Хүүхдээ хөхүүлснээр хүүхдийнхээ эрүүл мэндэд, цаашдын эрүүл амьдрал, хүнлэг сэтгэл, оюун ухаантай хүн болох суурийг тавьж өгөх учраас 1 хүртэлх насанд нь хүүхдээ хөхүүлж, өөрөө асрах нь маш чухал.

Орчин үед нярай нялх хүүхдийг угжих сүүний төрөл олширсон. Ийнхүү төрөл олширсон нь дараах үр дагавартай гэж үздэг. Үүнд:

  1. Эхчүүд эхийн сүү, хүүхдээ хөхүүлэхийн асар их ач холбогдлын талаар мэдлэг муутайгаас хүүхдээ угжих буруу шийдвэр гаргадаг.
  2. Эхчүүдийн сэтгэлийг амрааж "за хөхүүлэхгүй болсон ч сүүнүүд байгаа юм чинь" гэж бодоход хүргэдэг.
  3. Жирэмсэн эмэгтэйчүүд, гэр бүлийнхэн хүүхдээ хөхүүлэх арга барилыг мэдэхгүйгээс зөв хөхүүлэхгүй хөхний сүү татардаг.
  4. Жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтад авдаг эмнэлгээс эмэгтэйчүүдэд хүүхэд хөхүүлэх талаар зөвлөгөө хангалтгүй өгдөг.
  5. Төрөх газарт хүүхдийг анх амлуулах, хөхүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх, эх хүүхэд 2-ыг хамт байлгах зэрэгт алдаа гаргадаг.
  6. Гэр бүлийнхэн, найз нөхөд, эхийн ажилладаг байгууллага зэргээс эхчүүдэд хүүхдээ хөхүүлэхэд нь сэтгэл санааны болон бусад дэмжлэг хангалттай өгдөггүй зэрэг шалтгаанууд хүүхдийг угжаар хооллоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир, 2012 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх