fbpx

Ээж, аавуудад

image

Жирэмсэн эмэгтэйчүүд зөв хооллохын тулд жирэмсэн үед биед гарах өөрчлөлтийг мэдэх шаардлагатай. Ямар өөрчлөлт гарах вэ?

Жирэмсэлсэн үеэс эхлэн эмэгтэйчүүдийн биед өөрчлөлт гарч эхэлдэг. Энэ нь ургийн хөгжлийг хангах, төрөхөд болон хүүхдээ хөхүүлэхэд бэлдэж өгч байгаа хэрэг юм. Эхийн эхэс, цусаар хүүхэд тэжээгдэн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн ургаас эхсээр дамжин гадагшилна. Жирэмсэн эмэгтэйн бие махбод ингэж 2 хүний төлөө ажиллахдаа ихээхэн өөрчлөлтөд ордог.

МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО ӨӨРЧЛӨГДӨНӨ

Дотоод шүүрлийн булчирхайд өөрчлөлт орж умайд тогтсон үр, ураг бэхлэгдэх, өндгөн эс боловсрохгүй байх, эхэс бий болох, хөхний булчирхайнууд хөгжих, умай томрох, булчингийн агших үйл ажиллагааг зохицуулах зэрэг шинэ үйл ажиллагаанууд бий болно. Үүнд ихээхэн илч зарцуулна.

БОДИСЫН СОЛИЛЦОО ИДЭВХЖИНЭ

Эх ураг хоёрт илч өгөх нүүрс ус, эх ураг хоёрын эд эсийг шинээр бий болгох уураг, тосны хэрэгцээ ихэснэ.

Зүрх судас, шээс ялгарах эрхтний ачаалал ихэснэ. Бэлгэ эрхтэн түүний дотор умайд маш их өөрчлөлт орж хэмжээ, хэлбэр, байрлал өөрчлөгдөнө.

Ургийн өсөлт, эмэгтэйн бие махбодын шингэн нэмэгдсэнтэй холбоотой жирэмсэн эмэгтэйн биеийн жин нэмэгдэх ба 20 долоо хоногтойд 4.5 кг нэмэгдэх нь хоол тэжээлээ зохицуулж жин нэмэхгүй байх шаардлагатайг харуулна.

Жирэмсэн үед таргалах нь өсч буй урагт болон төрсний дараа хүүхдийг эхийн сүүгээр хооллоход илч, ханаагүй тосны хүчлийн болон тосонд уусдаг аминдэмүүд нөөцлөгдөх ач холбогдолтой. Жирэмсний эхний хагаст жин нэмэгдэхэд санаа зоволтгүй. Жирэмсний хугацаанд 7 хоног тутамд 450гр нэмэгдэх нь нярай хүүхдэд сайн үзүүлэлт болно.

Жирэмсэн эмэгтэйн биед гарах эдгээр өөрчлөлтүүд нь илч, нөхөн сэргээх бодисын хэрэгцээг ихэсгэж хоол тэжээлийг өөрчлөх шаардлага бий болгодог.

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Гэтэл жирэмсэн эмэгтэйн хоол боловсруулах эрхтэнд ихээхэн өөрчлөлт ордог. Ходоодны шүүсний ялгаралт муудаж, ходоод гэдэсний байрлал шахагдсанаас болж өөрчлөгдөн хөдөлгөөн нь хязгаарлагдаж ходоод гэдсэнд хоол удаан боловсорч, шимэгдэлт нь удааширна.

Гэдэсний хөдөлгөөн муудаж, ус ихээр шимэгдэж, биеийн хөдөлгөөн багасч, бүдүүн гэдэс хүүхдийн толгойд дарагдсанаас өтгөн хатамтгай болно. Гэдэсний хөдөлгөөн багасч, хураагуур судсанд цус тогтонгишсоноос жирэмсэн эмэгтэйд шамбарам тохиолдох нь их болно.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх