fbpx

Хүмүүжил

image

Нэгэнт Даунтай хүүхэдтэй болсон бол төрсөн үеэс нь эхлэн сэтгэл санаагаа чанга барьж, цаг хугацаа алдалгүйгээр ханцуй шамлан хүүхдээ хөгжүүлэх ажилд эргэлт буцалтгүй ороорой.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ нярай үеэс эхлэн сургуулийн өмнөх нас хүртэлх бүхий л хугацаанд цуг байдаг бөгөөд түүний хамгийн анх таныг харсан дотнын хайртай хүн, хамгийн сайн багш, дэмжин туслагч, хүмүүжүүлэгч нь юм. Гэр бүлд Даунтай хүүхэд төрсөн нь эцэг эх та хоёрын хэнд ч буруу байхгүй бөгөөд хэн нэгэндээ буруу өгч учир шалтгааныг хайж гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалд өөрчлөлт бүү оруулаарай.

Та ижил төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, найз нөхөд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш сурган хүмүүжүүлэгчидтэй холбоотой байж санал бодлоо солилцож сэтгэл санааны болоод арга зүйн дэмжлэг авч харилцан туршлага солилцоорой. Хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийн онцлог, тэднийг хөгжүүлэх талын мэдлэг чадвараа байнга дээшлүүлж, тасралтгүй тогтвортой ажиллаарай. Та хүүхдийнхээ өсөлт хөгжлийн явцыг ижил төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өсөлт хөгжилтэй бүү харьцуулаарай.

Хүүхдийнхээ өсөлт хөгжлийг хэвийн хөгжилтэй хүүхдийн өсөлт хөгжлийн үе шаттай харьцуулснаар хүүхдийнхээ хөгжлийн бодит байдлыг мэдэх болно. Таны хүүхэд бусад үе тэнгийнхээ хүүхдийн нэгэн адил хүрээлэн байгаа орчин, нийгэмтэйгээ харилцаанд орж өсөж хөгжин, хүмүүжиж амьдралын туршлага хуримтлуулах нь түүний хувьд чухал гэдгийг ямагт санаарай.

Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг боломжийн хэмжээнд авах орчин, нөхцөл хараахан бүрдээгүй байгаа учраас аль ч төрлийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүд, тэр тусмаа оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, \дауны хам шинжтэй хүүхдүүд\ гэрийн орчноос шууд сургуульд ирдэг учраас тэднийг гэрийн орчинд цаг алдалгүй хөгжүүлж эхлэх нь өнөөгийн бодит байдалд нийцсэн хамгийн зөв шийдэл юм.

profile

Зөвлөх: М.Батмөнх

Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш

X
Нэвтрэх