fbpx

Эрүүл мэнд

image

Хүүхдийн дархлаа суларснаас үүдэн халдварт өвчинд өртөмтхий болдог.

Тиймээс эцэг эхчүүд гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих, хоол хүнсний тал дээр юу анхаарах талаар “Оливка” хүүхдийн чийрэгжүүлэх төвийн зөвлөх П.Ганчимэгтэй ярилцлаа.

Тус төв жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй бөгөөд бага насны хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдэд ч алжаал тайлах үйлчилгээ үзүүлж, хүүхдүүдийг өвдсөнийх нь дараа бус урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол өгч ажилладаг аж.

-Танайх яг ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг талаар танилцуулахгүй юу?
-Манай төв хүүхдийн дархлааг дэмжих, чийрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн төрлийн асаргаа, сувилгааг хийдэг. Тухайлбал алжаал тайлах болон дархлаа сэргээх иллэг, халгай болон шилмүүс рашааны хөлний дүрлэг зэрэг аргуудаар хүүхдийн дархлааг дэмжих, чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Манай төвийн хувьд аль болох асаргаа, сувилгаа тал дээр анхаарах юм бол ерөнхий чийрэгжүүлэлт, дархлааг алдахгүй байж өвтгөхгүй байх, өвдсөн ч хөнгөн хэлбэрээр, хурдан эмчилгээ авах боломжтой гэдгийг эцэг, эхчүүдэд ойлгуулахыг хүсдэг.

Өвөл гэлтгүй хаврын цагт ч хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байна. Нянгийн гаралтай бол эмч нар яалт ч үгүй антибиотик, тариа бичиж өгдөг. Тэгэхээр энэ нь дархлааны эсүүдэд нөлөөлж байдаг. Тиймээс энэ үед арчилгаа их хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд манай төвийг хүүхдийн эмнэлэгтэй андуурах тохиолдол бий. Манайх асаргаа сувилгаа хийхийн өмнө үзлэг хийдэг. Гэхдээ оношлогоо хийх бус манай эмчилгээг энэ хүүхэд авч болох эсэх эрэмбэ тогтоодог юм.

-Анх яагаад энэ төрлийн үйл ажиллагаа явуулахаар болсон юм бол?
-Би эрүүл мэндийн лавлах утсаар зөвлөгөө өгдөг байсан юм. Тэнд эмч нар ажилладаг л даа. Утсаар холбогдож байгаа хүмүүсийн дийлэнх нь хүүхэдтэй холбоотой асуулт асуудаг. Гэвч ихэвчлэн өвчлөл үүссэний дараа л зөвлөгөө авдаг. Сонсоод байхад эцэг эхчүүд, эмчилгээ эмэнд л их анхаарсан байдаг юм. Харин асаргаа, сувилгаанд төдийлэн анхаараад байдаггүй нь ажиглагдсан. Тиймээс асаргаа, сувилгаа тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзсэн. Насанд хүрэгчдэд зориулсан алжаал тайлах төвүүд их бий л дээ. Харин хүүхдэд зориулсан үйлчилгээ тэр бүр байдаггүй учраас л төвөө нээсэн. Өвдсөний дараа эмчлэх бус өвдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй, тэр хэрээр эцэг эхчүүдэд мэдлэг, мэдээлэл өгөхөд анхаарч төвөө байгуулж байсан. Одоо яг нэг жилийн маань ой тохиох гэж байна.

-Иллэг хийдэг гэсэн. Иллэг хийхдээ ямар тос ашиглаж, хэдий хугацаанд хийвэл тохиромжтой вэ?
-Гаднаас биед орж буй ямар нэг нянгийн халдварыг эсэргүүцэх урвал үзүүлж байгааг дархлааны систем гэж нэрлэдэг. Үүнийг хүмүүс ойлгодог болчихсон. Гэвч цаг заваасаа болоод ч тэр үү хүүхдүүддээ тэр бүр анхаарал тавиад байж чадахгүй байна. Тиймээс бид энэ тал дээр түлхүү анхаардаг.

Эцэг эхчүүд хүүхдэдээ иллэг хийхдээ нярайн бүтээгдэхүүн, гоо сайхны талаас авч хэрэглэдэг. Харин манайх үүний оронд оливын тос, шар тос, сүүлний тосыг ашигладаг. Учир нь дээр дурдсан бүтээгдэхүүнүүд харшил нөлөө байхгүй, олон төрлийн ач холбогдолтой.

Насанд хүрсэн хүмүүс бариа, иллэгт ороод амраад, бие нь тайвширдаг. Үүнтэй адил хүүхдэд ч ижил нөлөөтэй. Иллэг нь цусан хангамжийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг механик ажиллагаа. Үүн дээр түрүүн хэлсэн хэрэгцээт элементтэй тосоор арьсны салстыг нэвчүүлэх үйлдэл үзүүлдэг. Ингэж дархлааг сэргээх боломжтой.

Гэвч ганц иллэгт найдаж болохгүй. Оройд хүүхдээ усанд оруулж чийрэгжүүлэх хэрэгтэй. Ээж, аав нар хүүхдээ багад нь өтгөн хар цай, ясны шөлөнд оруулдаг ч найм, есөн сар хүрэнгүүт нь больчихдог. Хоёроос дээш насны хүүхдүүдийг бараг хирийг нь арилгах гэж л усанд оруулдаг гэхэд хилсдэхгүй. Түүнээс хүүхдийг чийрэгжүүлэх зорилгоор усанд оруулахаа больчихдог шүү дээ.

Оройдоо усанд оруулахдаа зөв оруулах хэрэгтэй. Ханиадны шинж тэмдэг илэрвэл өтгөн хар цайндаа эмчилгээний хөөсийг хийх, боломжгүй бол температурыг нь бага багаар нэмж, хүүхдийн нүүрийг улаа бутаргаж, утах маягтай оруулах нь их үр дүнтэй. Энэ мэтчилэн эмчилгээний, чийрэгжүүлэх байдлаар усанд оруулж байх хэрэгтэй.

Хар цайнаас гадна ясны шөл тэр дундаа хонь, адууны ясны шөл ядаргаа тайлж, хийрхэл дарна, тамир тэнхээ сэргээх үйлчилгээтэй. Шар сүү, халгай, шилмүүс, рашаан гээд олон төрлийн зүйлсийг ашиглах боломжтой. Гэхдээ дандаа хүүхэдтэйгээ ингэж “ноцолдох”-ыг бас зөвлөдөггүй. 3-5 хоног ч юм уу үргэлжилбэл боломжийн хугацаа гэж үзнэ. Хэсэг хугацаанд, сардаа нэг удаад чийрэгжүүлж, иллэг хийж байвал хүүхдийн дархлаа дорхноо сэргэнэ.

-Амьтны гаралтай тос арьсны сүвийг бөглөдөг учраас иллэг хийсний дараа тосыг нь арчиж, цэвэрлэх хэрэгтэй гэдэг.
-Гэрийн нөхцөлд цэвэрлэх шаардлагатай. Манайд бол эмчилгээний явцад орой нь өтгөн хар цай, ясны шөлөнд оруулаад цэвэрлэх хэрэггүй гэдэг. Дараалсан эмчилгээгээ дуусгаад харин бага зэргийн хоёроос дээш насны хүүхдүүдийг марганцтай усанд 2-3 удаа савандаж угаахыг зөвлөдөг. Түүнээс бага бол цэвэр усанд савандаж угаана.

-Хооллолтын тал дээр та зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүүхдүүдээ унтахын өмнө орой давсгүй хар шөл хийж өгөх нь маш хэрэгтэй. Бидний багад хар шөл хийгээд л уудаг байсан. Одоо бараг больсон байх. Хүүхдэд заавал махыг нь идүүлэх гэх хэрэггүй. Шөлийг нь л уулгачихад үр дүн маш өндөр. Том хүүхдэд хоосон шөлөн дээр нь хоёр чимх шар тос хийгээд уулгахад ходоодны хийрхэл гаргах, өтгөн хаталтаас сэргийлэх маш сайн арга болдог.

Дээр нь ааруул бас их сайн. Одоо хүүхдүүд шүд нь ургахгүй байна, кальцийн дутагдалтай гээд эм, бэлдмэл их хэрэглэж байна. Үүнийхээ оронд хаа яваа газраа ааруул мэрүүлэх, усанд ааруул хийгээд шүүсийг нь уулгаж байх хэрэгтэй. Энэ мэтчилэн энгийн зүйлсээр хүүхдийн дархлааг дэмжих боломж бий.

Бидний иддэг хоол хүнсний нэр төрөл ихсээд, өдрийн авах хэмжээгээ хоол хүнсээр дамжуулан авах боломжтой болчихсон хэдий ч уламжлалт хоол хүнсээс авах шим тэжээлээ авахгүй байна.

-Хоолны дуршил муутай, хоол бага иддэг хүүхдүүдийн тухайд?
-Хүүхдүүд нэг бол хэт их иддэг нэг бол хоолны дуршил муутай маш бага иддэг болчихсон байна. Тэгэхээр ходоодны хямралын нэг хэлбэр байна гэж ойлгож болно. Хоолонд дургүй хүүхдэд эцэг эхчүүд “хоолоо ид” гэж их шахдаг. Нэг дор бүтэн аяга хоол идүүлэх гээд байдаг. Хоолонд муу хүүхдүүд булчингийн алдагдалтай, бие нь суларчихсан байдаг. Тэгэхээр хоолонд сайн болгохын тулд хоёр цагийн зайтай өгөх хоолныхоо нэр төрлийг олшруулах хэрэгтэй. Өглөө 9 цагт хүүхдийн будаагаа хоёр халбагыг, 11 цагт будааны зутан хоёр халбагыг гэх мэтчилэн идэхэд болно. Заавал аяга хоол идүүлэх гээд байдаг. Тэрнээс илүүг идүүлэх шаардлагагүй. Энэ маягаар 4-5 хоноход хүүхэд аяндаа хоолондоо дуртай болдог.

-Хүүхдэд өгөхөөс зайлсхийх, түлхүү хэрэглэх хүнс гэж байх уу?
-Нийтлэг хүүхдүүдийн дунд кальци дутмаг байгаа нь ажиглагддаг. Бусад зүйлсийг энэ зөв, буруу гэж хэлж мэдэхгүй байна. Манайд 5 хүүхэд зэрэг иллэгт ордог юм. Нэгнийх нь хүүхэд ой нэг сартай хэр нь хоёр шүдтэй. Уг нь бол арван сартай хүүхэд найман шүдтэй байх ёстой. Ийм үзэгдэл түгээмэл. Шүдний ургалт муутай байгаа нь ажиглагддаг. Манайд ирдэг ээж нарын дунд тогтмол ааруул идүүлдэг хүн бий. Гадуур явахдаа хүртэл ааруул авч явдаг гэсэн. Кальцийн бэлдмэл уухаас илүүтэй ааруул илүү үр нөлөөтэй гэдгийг хэлж байна лээ. Кальцийн агууламж өндөр байдаг учраас ааруул, цагаан идээ байх нь чухал.

Нэг настай хүүхэд аль хэдийнэ бутлах үйл ажиллагаа эхэлчихсэн байх ёстой байтал хоёрхон шүдтэй байна гэдэг хоол боловсруулах үйл ажиллагаанд алдаа гарна л гэсэн үг л дээ. Хоолны тал дээр ийм л зөвлөгөө өгмөөр байна.

-Ханиад томууны үед шингэн зүйл сайн уулгахыг зөвлөдөг. Элдэв хольцтой цай, жүүс уулгахаас илүүтэй ус уух нь сайн гэдэг хэсэг байхад ус их уух муу гэдэг ч хүмүүс байдаг.
-Ээж аав нар хүүхдээ бага байхад нь шингэн их өгдөг л дөө. Харин 5-6 наснаас дээш шингэн уулгах нь багасчихдаг. Өглөө өлөн дээр нь багавтар давстай хар цай уулгахыг зөвлөдөг. Шингэн уулга гэхээр л аяга аягаар нь уулгаад байдаг. Шингэнийг бага багаар уулгах хэрэгтэй. Нэг ээж байдаг юм. Хүүхэд нь их шингэн алдалттай манайд ирсэн. Шингэн уулга гэхээр тэвэрч байгаад л хүчээр уулгадаг. Хүүхэд нь орилоод ууж өгдөггүй. Тэгээд зөв уулгахын тулд шингэнээ энгэртээ зүүдэг болсон байгаа юм. Ингээд л гэрээ цэвэрлэх, хоол хийх гээд ажлаа амжуулангаа л ганц, ганц балгуулаад байдаг. Ингэхээр хүүхэд ч цааргалахгүй уудаг юм гэж байсан. Ингээд шингэн уугаад сурчихвал аяндаа хүүхэд сурчихдаг. Манайх давс багатай бор цай, чихэргүй байхуу цай, ус гурвыг санал болгодог. Зуун хувь шүүс ч юм уу бусад төрлийн зүйлс манай бариа, шөлөнд орох зэрэгтэй зохицдоггүй юм.

Хоосон ус уулаа гэж ярьдаг. Муу зүйл байхгүй. Гэхдээ бага зэрэг эрдэсжүүлэхэд гэмгүй. Одоо хүмүүс уламжлалт бор цай уухаа больчихсон. Одоо нэг чанаад уугаад үзвэл их гоё амттай санагдана. Манайд чийрэгжүүлэлтэд орж байгаа хүүхдүүд “нөгөө гоё цайгаа ууя” гэдэг гэж ээж аав нар ярьдаг юм. Хамгийн гол нь давсны хэмжээ бага байх хэрэгтэй.

Дархлааны систем хямралд орно гэдэг бүх өвчний үндсийг тавьж өгч байна гэсэн үг.

-Дархлаа дэмжих бас нэг гол зүйл нь нойр. Бага насны хүүхдүүдийг орой хэдэн цагт унтуулах хэрэгтэй вэ. Зарим эцэг эхчүүд манай хүүхэд орой оройтож унтдаг гээд 01, 02 цаг хүргэдэг шүү дээ.
-Насанд хүрсэн хүмүүс их ядрахаараа унтахаа больчихдог ч тохиолдол бий. Тархины үйл ажиллагаа буруу болсноос тархи зохицуулалт хийж чадахгүй болж байна гэсэн үг л дээ. Хүүхэд ч ялгаагүй.

Манай эцэг эхчүүд дунд нийтлэг хүүхдээ эрт унтуулдаггүй дутагдал бий. Өөрсдөө кино үзээд хүүхдэдээ утсаа өгөөд суулгачихдаг. Унтах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй бол хүүхэд яаж унтах билээ. Орой 21 цаг гэхэд л хүүхдээ унтуулж байх хэрэгтэй. Үүний тулд нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Ээж, аав нь зурагт хараад л хүүхдээ унт, унт гээд байдаг. Унтуулахын тулд оронд нь тухтай хэвтүүлээд, гэрлийг нь унтрааж, дуу чимээгээ багасгах хэрэгтэй. Ийм нөхцөл бүрдүүлэхгүй бол хүүхэд яаж унтах билээ. Гэхдээ унтахгүй шалтгаан бас бий. Тархи толгой, хүчилтөрөгчийн архаг дутагдлаас болоод унтахгүй байх нь бий. Тархинаас ялгардаг даавар насанд хүрсэн хүнийх тогтворжчихсон байдаг. Хүүхдийнх харин тогтворжоогүй байдаг учраас өдрийн цагаар 1-2 цаг унтуулж байх хэрэгтэй. Сургуулийн насны тэр дундаа бага ангийн хүүхэд ч ялгаагүй.

-Нярай хүүхдүүдийн хувьд унтахгүй уйлагнах, хойшоо гэдийх шинж тэмдэг их байна гэдэг.
-Хүүхдүүдийн толгой агаар дутлаас болж өвддөг. Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шинж болдог.

Ийм тохиолдолд цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орсноор тодорхой эд эрхтэний тэжээллэг байдал алдагдаж, тэдгээрийг мэдрэлжүүлж байгаа мэдрэлийн сувгууд чангарч булчин чангарах байдалд оруулдаг. Энэ үед дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Хүүхдийн шилэн хүзүү хатуу байдалтай
  • Нярай бол гар байнга чанга атгаастай
  • Хойшоо гэдийж нумрах
  • Нумрахдаа гэдийж уурлах, хөхөө хөхөхгүй байх.
  • Нойронд муу
  • Гар, хөл, нурууны булчингууд мэдэгдэм чангаралтын шинжтэй.
  • Цочиж сэрэх
  • Ууртай болон уйламхай болох
  • Толгой халах.
  • Хүүхэд аль нэг талдаа гэлжийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ постыг манай пэйж дээр тавьснаас хойш бүтэн сар ийм шинж тэмдэгтэй хүүхдүүд ирсэн. Тэгэхээр хүүхдүүдэд агаар болон хүчилтөрөгчийн дутагдал их байна.

-Хоол, нойрноос гадна агаар салхи чухал байх. Хаврын улиралд салхинд гаргах хугацаа ямар байх хэрэгтэй вэ?
-Хавар халдварт өвчин их дэгддэг. Дулаарч, цаг наашлаад сайхан болж байгаа хэдий ч хөрсний, орчны бохирдол их байна. Хэрэв үнэхээр цэнгэг агаартай, эрүүл орчинд модон дунд байвал хугацаа хамаагүй л дээ. Харин хот дотор, орон сууцны дунд ч гэдэг юм уу тоосонцор ихтэй үед бол өдрийн цагаар хүүхдээ гадаа удаан байлгахыг зөвлөхгүй. Зуны цагт хотод төрсөн нярайг өрхийн эмч нар өглөө эрт гаргахыг шаарддаг. Тоосонцор бужигнахаас өмнө 6-7 цагийн үед гадаа гаргахыг зөвлөдөг. Гэтэл 11-13 цагийн хооронд ээж нар бөөнөөрөө гадаа хүүхдээ салхилуулаад сууж байдаг. Миний хувьд тэрийг сайшаадаггүй. Хүүхдээ салхилуулбал аль болох боломж байвал долоо хоногт нэг өдрийг модонд өнгөрүүлээч гэдэг юм. Салхинд гарахдаа ч гэсэн бусад хүмүүсээс бага зэрэг зайтай байх нь дээр.

Нарны тусгал ойртож байгаагаас бохирдол ихтэй байх магадлалтай. Харин цэцэг, навч ургаад агаараа цэвэршүүлж эхлэх үед бол өдрийн цагаар хүүхдээ гаргаж болно.

Улаанбаатар хот орчны хувьд үнэхээр хэцүү болчихсон. Агаарт гар гээд л зөвлөгөө өгөхөөр “Агаарт гар л гэх юм хаана гарах юм бэ” гэдэг. Нээрээ энэ үнэн. Танай хүүхдэд агаар л чухал байна гэдэг ч тэр бүр ой модонд очоод байх боломжтой нь хэд билээ гэхээр хэцүү л дээ. Аль болох өглөө эрт 1-2 цаг гаргаж байх хэрэгтэй.

Дээр нь хаврын улиралд хувцаслалтын тал дээр эцэг эхчүүд мэдрэмжтэй байх хэрэгтэй. Дөрвөн сард нярай хүүхдүүд өвлийн хувцастайгаа явж байдаг. Хэт зузаалах, хэт нимгэлэх муу. Цаг агаарын байдалд тохируулах хэрэгтэй. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ аль болох даавуун хувцас сонгож, ойр ойрхон сольж байх хэрэгтэй. Хүүхэд хөдөлгөөн ихтэй байдаг учраас хувцас чийгтдэг.

-Ярилцсанд баярлалаа.

 Сэтгүүлч: Р.Адъяасүрэн
X
Нэвтрэх