Хүүхдийн хөгжил

image

Канад улсын Виннипэг хотноо амьдардаг хоёр настай Туппер Дунлоп хүү аутизмын хүрээний эмгэгтэй аж.

Тэрээр хүний өөдөөс эгц харж чаддаггүй, хэн нэгэн нэрээр нь дуудахад эсвэл ярихыг оролдоход хариу үйлдэл үзүүлдэггүй байжээ. Мөн нэг унтахдаа 45 минутаас илүү хэтэрдэггүй, өдөрт ердөө 3-6 цагийн л нойртой байв. Гэвч унтахдаа үргэлж уйлна, хашхирч ийш тийш хөрвөөн ямар нэгэн зүйлд зовж шаналж буй мэт тайван бус байдалтайгаар хар дардаг байв.

Гэхдээ Легог тэднийд ирэх хүртэл Туппер хүү ийм байдалтай байсан юм. Лего бол Лабрадор ретривер үүлдрийн, аутизмын эмгэгтэй хүнд үйлчлэхээр бэлтгэгдсэн нохой юм. Хүүгийн ээж Нэнси “Хүү минь амьтанд маш их хайртай. Хөрш айлын охин Туппертэй тоглохоор нохойгоо дагуулж ирдэг байсан юм. Тэр үед хүү минь нохойд маш найрсаг хандаж, бөмбөг шидэж нөгөөх нь авчран хамтдаа тоглож, хүү минь инээн ихэд аз жаргалтай байхыг бид анзаарсан. Тиймээс энэхүү дүр зураг Тупперийн бусадтай харилцах харилцааг сайжруулах, тавгүй байдлыг арилгахад яах аргагүй амьтны дэмжлэг хэрэгтэй юм байна гэдгийг бидэнд ойлгуулсан” гэсэн юм.

Туппер өдгөө 3 настай, маш тайван болсон бөгөөд, үг холбон өгүүлбэр хэлж өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрөө бие даан зарим зүйлийг чадварлаг хийдэг болжээ. Мөн Легогоо шөнө заавал тэврэн унтана, ингэснээр түүний айдас үгүй болдог аж. Түүний ээж хэлэхдээ “Туппер Легог биеэрээ тэврэн мэдрэхээрээ илүү тайван тогтуун болдог. Энэ харилцаа нь тархин дахь элементүүдийг яг л баяр баясгалангийн гормон серотонин шиг нэмж илүү амар амгалан болгож, тайван унтахад нь тус болдог байх” гэжээ.

Туппер ямар нэгэн таагүй байдлыг мэдрэхэд Легогийн бие дээр хөлөө үрдэг гэнэ. Түүнийг ойлгосон Лего түүнд хайртай тоглоомыг авчирж өгөх гэх мэт сэтгэлийг нь засах зүйл хийдэг аж. Нэнси хэлэхдээ “Заримдаа Леготой гадуур явахад бидний хийж ч чадахгүй тусыг хүргэдэг. Түүнийг дэргэдээ байхад Туппер ерөөсөө орилж хашхирдаггүй, харин ч тайван дөлгөөн байж, аливаад төвлөрөхдөө сайн байдаг” гэж дөрвөн хөлт, гэр бүлийн гишүүнээ магтжээ.

Аутизмтай хүүхдийн харилцааг сайжруулахад амьтан тус болдог гэдгийг судлаачид тогтоожээ. Түүний нэг тод жишээ нь Туппер Лего хоёрын нөхөрлөл юм.

Эх сурвалж: CBS news

Сэтгүүлч Б.Нямдарь

X
Нэвтрэх