Мэдээ, мэдээлэл

image

Цагдаагийн байгууллагаас хүүхэд холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 5-наас эхлэн 20 хоногийн хугацаанд уг аяныг өрнүүлэх бөгөөд үүнд Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо, дуучин Б.Анхбаяр буюу A Cool нэгдэж буйгаа илэрхийллээ.

"12 НАСТАЙ ОХИНОО ХӨТЛӨӨД ЯВЖ БАЙХАД ТАНИХГҮЙ ХҮН "ОХИНТОЙ ЧИНЬ ТАНИЛЦЪЯ" ГЭВЭЛ ТА ЯАХ ВЭ? ТҮҮНТЭЙ Л ИЖИЛ..."

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: 

Монголд интернет хэрэглээ болон хэрэглэгчийн тоо нэмэгдэж байна. 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилд 279 гэмт хэрэг үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл хоёр дахин нэмэгдсэн, цаашлаад ч өсөн нэмэгдэх хандлагатай байна.  Интернетийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу гэсэн асуудал үүсч байна.

Цахим орчинд "Санхүү өгнө, авна", "Сайн ахтай болъё" "Хөөрхөн дүүтэй болж санхүүгээр дэмжинэ" "ЭМО" нэртэй фэйсбүүк группууд садар самуунд уруу татах, сурталчилдаг болохыг цагдаагийн байгууллага илрүүлжээ

2016-2018 "Эмо" гэдэг нэртэй фэйсбүүк хаяг нээгдсэн байдаг. Тус хаягийг нээсэн иргэн нь хүүхдүүдийг өөрсдөөр нь гараа зүсэж гэмтээх бүр цаашлаад амиа хорлоход уруу татах, ятгалгыг хийж байсан нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага үүнийг илрүүлэн хаягийг хааж, иргэнд хуулийн хариуцлага тооцсон.

Мөн иргэн Б... өсвөр насны охидтой цахим орчинд найз болж, уулзаагүй хэр нь үерхэх санал тавьж улмаар 200 гаруй охины нүцгэн зургийг нь мессенжерээр авч түүгээрээ дарамталж мөнгө нэхэх, бэлгийн харьцаанд ордог болохыг нь тогтоосон. Томчууд бидний өдөр тутмын хэрэглээ болоод буй цахим, дэвшилтэт технологийг ашиглахдаа аюулгүй зөв хэрэглэх, түүнийгээ эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдэдээ ойлгуулах нь хамгийн чухал болоод байна.

Монголд хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал алдагдсан. Та бидний хүүхдийг цахим орчин огт танихгүй хүн удирдаж, мэдээлээр хангаж, хүмүүжүүлж, садар самуунд уруу татах эрсдэл их байна. Тиймээс та хүүхдийнхээ гар утас, фэйсбүүк хаягийг шалгаж танихгүй хүнтэй найз болсон байвал "UNFRIEND" хийгээрэй хэмээн уриалж байна. Хэрэв 12 настай хүүхдээ хөтлөөд явж байвал танихгүй хүн ирээд "Охинтой чинь танилцъя" гэвэл та яах вэ? Мэдээж танд тааламжгүй санагдана, цагдаагийн байгууллагат хандана. Түүнтэй л ижил" гэсэн юм.

Мөн цахим орчинд "Санхүү өгнө, авна", "Сайн ахтай болъё" "Хөөрхөн дүүтэй болж санхүүгээр дэмжинэ" "ЭМО" нэртэй фэйсбүүк группуудийг нээж олон тооны, ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд, залуусыг гишүүн болгон элсүүлэн амиа хорлох тоглоом тоглуулах, садар самуунд уруу татсан, сурталчилдаг болохыг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Энэхүү аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 700 гаруй сургуулиудын сурагчдад сургалт зохион байгуулах, төрийн байгууллагууд дээр мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх сурталчилгааны ажлуудаг хийх юм байна. "Цахим аюулгүй байдал" хэлэлцүүлэг Төрийн ордонд есдүгээр сарын 7-нд буюу энэ баасан гарагт болно.

"UNFRIEND" аян маргаашнаас эхлэн 20 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

X
Нэвтрэх