Хүмүүжил

image

Бид өмнө та бүхэнд хүүхдийн стрессийн шинж тэмдэг, шалтгаануудын талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаа хүүхдээ сэтгэл санааны хямралаас хэрхэн сэргийлж болох тухай зөвлөгөөнүүд хүргэж байна.

Хэдийгээр хүүхэд айх, уурлах нь хэвийн үзэгдэл боловч даамжирвал эцэг эх, багш нар анхаарлаа хандуулах шаардлагатай. Тэднийг стрессд оруулахгүйн тулд дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

  • Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж хөгжүүлэхийг хичээгээрэй. Хүүхэд өөрийнхөө талаар аятай сэтгэгдэлтэй байх тусам айдас, стрессд нэрвэгдэх нь бага, сэтгэлийн хямралаас гарахдаа амархан байна.
  • Зохистой сайн хооллож, хангалттай унтуулж амраах хэрэгтэй. Хоол хүнсэнд жимс, ногоо, сүү, үр тариа зэрэг биеийн эсэргүүцлийг сайжруулах зүйлс хэрэглэснээр хүүхдийн бие махбод эрүүлжиж, сэтгэл санаанд нь нааштайгаар нөлөөлнө. Хангалттай унтуулж амрааснаар алжаал ядрал тайлагдана.
  • Ердийн сургалт, үйл ажиллагаанаас гадуур хэт олон хөтөлбөр, сургалтанд хамруулахаа багасгах буюу болих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийг хүүхдээр нь байлгахыг хичээ.
  • Хүүхдийг тайван, дөлгөөн болгоход нөлөөлөх хэрэгтэй. Жишээлбэл, намуухан дуугаар ярих, "Тоглоом хураахад хэн надад туслах вэ?" гэх мэтээр ажил үйлд оролцуулах, элс, усаар тоглуулах, их хөдөлгөөнтэй хүүхдийг тайван хүүхэдтэй хамт байлгах, баримлын шавар, эвлүүлдэг тоглоомоор тоглуулах.
  • Стрессийг арилгахад уран зохиолын ном ашиглаж болно. Хүүхэд номын агуулгаас стресс бүхий нөхцөлд хэрхэн харьцах, түүнийг хэрхэн даван туулах талаар суралцана.

Эх сурвалж: Хүүхэд, эцэг эхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх /Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар/

X
Нэвтрэх