Энэ өвчин хүүхэд шингэн алдаж тэжээлийн доройтолд орох шалтгаан болдог.
Хоол боловсруулах хэвийн тогтолцоо алдагдан 24 цагийн дотор гурваас дээш өтгөн алдахыг суулгалт өвчин гэдэг.
СУУЛГАЛТЫН ХОЁР ГОЛ АЮУЛ
- Хүүхэд суулгах юмуу бөөлжиж их хэмжээний ус, эрдэс, давсаа алдах учраас шингэн алдалт үүсдэг. Энэ алдсан шингэнийг тухай бүр нөхөхгүй бол шингэн алдалт нэмэгдсээр хүүхдийн аминд аюул учирдаг.
- Суулгалт өвчинтэй хүүхдийг зөв сайн хооллоогүйгээс тэжээллэг бодис гэдэсний ханаар шимэгдэх нь багасч хүүхэд турна. Туранхай хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч өвчинд өртөмтгий болдог. Хүүхэд суулгалтаар удаан өвчлөх, олон дахин өвдөх тусам турдаг.
СУУЛГАЛТ ГУРВАН ЯНЗ
- Цочмог суулгалт: Гэнэт эхэлж олон удаа усархаг бааж, бөөлжиж, халуурч болно. Ихэвчлэн 7-14 хоног үргэлжилдэг.
- Архаг суулгалт: Цочмог эхлэх ба хүүхдийн биеийн байдал огцом муудахгүйгээр 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ.
- Цусан суулгалт: Баас цустай гарвал цусан суулгалт гэнэ. Энэ нь халдвар ихтэй тул эмнэлгийн нөхцөлд эмчлэх шаардлагатай.
Баас цустай гарах нь халдварт өвчний шинж тул яаралтай эмчид үзүүлж зохих эмийн эмчилгээг хийлгээрэй.
СУУЛГАЛТЫН ШАЛТГААН
Энэ өвчнийг 25 гаруй вирус, нян, эгэл биетүүд үүсгэдэг.
Суулгалтын шалтгаан болох эмгэгт өртөгчид ихэвчлэн баас-амны замаар дамжиж халдварлана. Жишээлбэл баасны нянгаар бохирлогдсон сүү, хоол буюу ус, гар гэх мэт. Ер нь хүн амьтны ялгадас аль нь ч халдварын эх үүсвэр болдог. Нялх бага насны хүүхдийн баас эмгэг төрөгч нян, вирус их агуулдаг учраас онцгой аюултай.
СУУЛГАЛТ ӨВЧНИЙ ШИНЖҮҮД
Хүүхэд тань суулгаж эхэлмэгц та дор дурьдах хялбар үзлэгийг бие даан хийж, шингэн алдаж буй эсэхийг тогтоогоорой.
- Та хүүхдийнхээ биеийн байдлыг ерөнхийд нь ажиглаарай. Суулгалт хүндрэх тусам хүүхдийн орчны сонирхол муудаж унжгар болдог.
- Нүд нь хонхойсон эсэхийг хараарай. Шингэн алдаагүй хүүхдийн нүдний хонхор дүүрэн байдаг.
- Зулайг нь гараараа зөөлөн тэмтэрч үзээрэй. Шингэн алдаагүй бол зулайн ясгүй хэсэг болон ястай хэсгүүд нэг түвшинд байдаг.
- Хүүхдийнхээ уруул омголтсон эсэхийг, шингэн зүйл ууж байгаа эсэхийг ажиглаарай. Шингэн алдаагүй хүүхэд юм нэхэж уухгүй. Уруул, хэл нь чийгтэй байна.
- Хэвлий хэсгийн арьсыг зөөлөн чимхээд үзээрэй. Шингэн алдаагүй бол арьсыг чимхээд тавихад 2 секундын дотор тэнийх ёстой.
- Баасанд нь цус болон цусны судал байгаа эсэхийг ажиглаарай.
ШИНГЭН АЛДАЛТЫН ШИНЖ ИЛЭРСЭН БОЛ:
Шингэн алдалтын дээрх шинжүүдээс хоёр шинж нь илэрч байвал эмчид яаралтай үзүүлж шингэн сэлбэх давсны уусмалыг эмчийн хяналтын дор дөрвөн цагийн турш уулгана. Хэрэв ийм арга хэмжээ яаралтай авахгүй бол хүүхэд хүндэрч амь насанд ч аюултай болно.
АМИНД АЮУЛТАЙ ШИНЖҮҮД
- Хүүхэд орчны сонирхол муу, унтаа, ноомой болох,
- Уух дургүй, хөдөлгөөнгүй сул болох,
- Арьсны хуниас маш удаан арилах,
- Нүд, зулай нь хонхойх зэрэг нь аминд аюул буйг илтгэнэ.
Иймд та хүүхэддээ хоол цайндаа дургүйцэх, ам нь их цангах, баасанд нь цусархаг шинж үзэгдэх, олон удаа усархаг суулгах, дахин дахин бөөлжих, халуурах зэрэг шинжүүдээс илэрвэл яаралтай эмчид хандаарай.
ШИНГЭН АЛДАЛТЫН ШИНЖ ИЛРЭЭГҮЙ БОЛ:
Шингэн алдалтаас сэргийлж чадвал ямар ч эм хэрэглэхгүйгээр суулгалт ихэвчлэн 5-7 хоногт аяндаа зогсдог. Иймээс хүүхэд суулгаж эхэлмэгц өдөр бүр уудаг ердийн хэмжээний шингэн дээрээ нэмэлт шингэнийг уух ёстой.
Уулгах шингэний хэмжээ:
- Хоёр хүртэлх насны хүүхдэд суулгалт бүрийн дараа 50-100 мл буюу дунд гарын шаазан аяганы талаар шингэн уулгана.
- Хоёроос дээш насны хүүхэд суулгалт бүрийн дараа 100-200 мл шингэн уух хэрэгтэй.
Хэрхэн уулгах вэ?
- Хоёр хүртэлх насны хүүхдэд цайны халбагаар 2-3 минутын зайтай уулгана.
- Хоёроос дээш насны хүүхдэд шингэнийг аяганаас бага багаар оочуулан уулгана.
- Хэрэв хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд аажмаар дахин үргэлжлүүлэн өгнө.
- Суулгалт зогсох хүртэл шингэн илүү уулгах хэрэгтэй.
Эх сурвалж: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллага