ХЭЗЭЭ ӨГӨХ ВЭ?
Хүүхэд хоол идэх гэж хүсэхээс өмнө эхчүүд сайн дураараа нэмэгдэл хоол өгч болохгүй. Хүүхдэд 6 сартай болох үеэс анхны нэмэгдэл хоол өгнө. ДЭМБ-ын эмч мэргэжилтнүүд судалгаа туршилтаараа хүүхдэд 4 сар болохоос өмнө өгөх нь тохиромжгүй гэдгийг тогтоосон.
НЭМЭГДЭЛ ХООЛОНД ХЭТ ЭРТ ОРУУЛСНААР:
- Хүүхэд хөхөх эхийн сүүний хэмжээг багасгаснаар хүүхдийн хоолны тэжээллэг чанар багасна
- Хүүхдэд бага сартай үедээ өтгөвтөр хоол идэж чадахгүй тул тэжээллэг багатай шингэн хоол өгөх хэрэгтэй болох тул хоолны тэжээллэг чанар багасна.
- Эхийн сүүнээс авах өвчнөөс хамгаалах олон бодисыг авч чадахгүйд хүрсний улмаас хүүхэд өвчлөх эрсдэл ихтэй болно.
- Нэмэгдэл хоол эхийн сүү шиг цэвэр ариун байж хялбар шингэхгүй тул суулгалт өвчинд өртөх магадлалтай.
- Нэмэгдэл хоолонд хийдэг бусад малын сүүний уураг харшил үүсгэх хандлагатай тул харшлын гаралтай өвчинд өртөх нь их.
- Хүүхдээ цөөн хөхүүлсний улмаас эх эрт жирэмслэх магадлалтай.
НЭМЭГДЭЛ ХООЛОНД ОРОЙТОЖ ОРУУЛАХ НЬ Ч БАС ЭРСДЭЛ ДАГУУЛНА
- 6 сараас хэт хойш анхны нэмэгдэл хоол өгөх нь тохиромжгүй бөгөөд 6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгнө.
- Хүүхдийн өсөлт хөгжил, бусад олон үйл ажиллагаанд шаардлагатай илчлэгийг авч чадахгүйд хүрнэ.
- Өсөлт хөгжил нь удааширна.
- Хоол тэжээлийн дутлууд, төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх шаардлагатай бодисуудыг авч чадахгүйд хүрнэ.
АНХ НЭМЭГДЭЛ ХООЛОНД ОРУУЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛҮҮД?
- Анхны хоол өгөх үед хүүхэд ямар нэг өвчнөөр өвдөөгүй байх
- Зуны халуунд нэмэгдэл хоолонд оруулах нь гэдэсний өвчнөөр өвдөх эрсдэл дагуулна
- Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх хугацаанд нэмэгдэл хоол өгөх хэрэггүй
- Анхны нэмэгдэл хоолыг үдээс өмнө цаашид энэ цагтаа нэмэгдэл хоолоо дагнан идэх цагийг сонгож өгнө
- 2 хоол зэрэг өгч болохгүй
- 1 хоолонд дасаж хэмжээнд хүртэл өгдөг болсны дараа буюу 10-14 хоногийн дараа тухайн цагтаа хоолыг нь төрөлжүүлж өгч болно.
- Анхны нэмэгдэл хоол өгөх үед хүүхэд эрүүл, рахиттай, цус багадалттай, тураалтай, диатезтэй эсэхийг эмчээр тогтоолгосны дараа тохирох нэмэгдэл хоолыг өгнө.
Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/
Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт I, 2014 он