Хүмүүжил

image

Эцэг эх бүр хүүхдээ хүмүүжүүлэх өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг боловч тухайн гэр бүлийн гишүүдийн харилцаа, дадал заншил хүүхдийн төлөвшилд маш их нөлөөтэй. Гэр бүлийг дараах гурван төрөлд хуваан үзэж болох бөгөөд аль гэр бүлд өсч хүмүүжиж буй хүүхэд нийгэмд зөв иргэн бүтээхийг та тунгаана биз ээ.

Эцэг эхийн эрхт гэр бүл

Эцэг эхийн эрхт ёс ноёрхсон гэр бүлд хамгийн чухал зүйл нь эрх мэдэл байдаг. Ийм гэр бүлд шатлан захирах ёс онцгой ноёрхсон байдаг бөгөөд ихэнхдээ аав нь хамгийн дээд эрхийг эдэлж, дараа нь ээж нь, тэгээд хүүхдүүдийн эрх мэдэл орох боловч хүүхдүүдийн эдлэх эрх маш өчүүхэн юм уу, аль эсвэл ямар ч эрх мэдэлгүй байдаг. Үүний дээр мэдлэг боловсрол эзэмших бололцоо нь ч тэгш бус байдаг.

Хүүхдүүд нь үргэлж дуулгавартай, эцэг эхийнхээ үгийг дагаж байх ёстой бөгөөд зөв буруугийн хооронд тогтсон маш хатуу зааг байдаг. Иймэрхүү хандлагатай гэр бүлд хүүхдийн хайрлуулж энхрийлүүлэх асуудал нь тэд эрх бүхий хүмүүсийн үгэнд хэр орж байгаагаас шалтгаалдаг. Ийм гэр бүлд өссөн ихэнх хүүхдүүд юм болгонд дуулгавартай байхыг хичээж, аливаа асуудалд ямар ч идэвхгүй хандан, хүний үгийг даган гуйвж дайвсан, өөрийн баримталсан үзэл бодолгүй нэгэн болж өсдөг. Ийм хүүхдүүд шинэ нөхцөл байдалд дасахад маш хэцүү байдаг.

Хэн нэгэнд дуулгавартай хандаагүйгээс тэд өөрт нь дургүй болох вий гэхээс айснаас идэвхигүй даган дуурайгч болдог. Эцэг эхийн ингэж хүүхдээ хэт дуулгавартай байхыг шахан дарамталж хүмүүжүүлснээс урган гарах бас нэг үр дагавар нь эсэргүүцэн босох явдал юм. Эдүгээ эцэг эхийнхээ эсрэг, нийгмийн эсрэг, эрх мэдэлтний эсрэг тэмцэгчдийг бид харж байна. Яваандаа энэ эсэргүүцэл тэмцэл нь хүчирхийлэл, хар тамхинд донтох зэрэг олон сөрөг үзэгдлүүдэд хүргэдэг.

Чөлөөт гэр бүл

Дэлхий дээр газар сайгүй эцэг эхийн эрхт ёстой хатуу дэг журамтай гэр бүлийн хэлбэрийг эсэргүүцсэний илэрхийлэл болж чөлөөт гэр бүлийн хэлбэр гарч ирсэн. Эцэг эхчүүд хүүхдүүдэд өөрсдийгөө хөгжүүлэх эрх чөлөө өгөхийг зорьсон. Ийм гэр бүлд эрх чөлөө, зугаа цэнгэл бол хамгийн чухал зүйлс байдаг. Чөлөөт гэр бүлд эцэг эхчүүд хүүхдийнхээ бүхий л хүсэл хэрэгцээг хангахыг чармайдаг. Тэгсэн атлаа биеэ авч явах байдал, шаардлага тавьсан ямар ч тодорхой хязгаар байдаггүй. Эхэндээ хязгаар зааг тавьсан байж болох боловч хүүхэд ямар нэг зүйлийг шаардаж, янз бүрийн ааш авир гаргах тэр мөчид энэ нь хэрэгждэггүй. Ийм гэр бүлд хайр гэдэг зүйл зөвхөн хүсэл хэрэгцээ хангагдсан тохиолдолд гарч ирдэг мэт ойлгогддог.

Хүүхдүүдийн хүссэн зүйл нь хангагдаагүй юмуу, тэдний сэтгэлд нийцээгүй бол тэд эцэг эхчүүд нь өөрсдөд нь хайргүй гэх юмуу, өөрсдийнх нь эцэг эхийгээ хайрлах сэтгэл нь алга болсон мэт бодогддог. Хүүхдээ бага байхад сахилга дэг журамтай байхыг шаарддаггүй тул хүүхэд өсч том болохоороо ааш авир нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй байдаг тул эцэг эхчүүд хатуу чанга арга хэрэглэхээс өөр аргагүйд хүрэхээс гадна хүүхдээ ад үзэхэд хүрдэг. Үүнээс болоод нийгэмд хүүхдүүдийг хянах шаардлага тавьж эхэлдэг.

Чөлөөт гэр бүлд өссөн хүүхдүүд хувиа хичээсэн, зугаа цэнгэлд дуртай нэгэн болж хүмүүждэг. Тэд ихэвчлэн хэтэрхий хувийн эрх ашгийг бодсон үзэлтэй байдаг тул хамт олноороо хийх ажилд өөрсдийн зүгээс үр өгөөжтэй хувь нэмэр оруулж чаддаггүй. Тэд мөн л сахилга дэг журмыг эсэргүүцэн тэмцэх явдлаас болж эцэг эхийн эрхт ёс ноёрхсон гэр бүлийн хүүхдүүдийн нэгэн адил хүчирхийлэл, хар тамхинд орох зэрэг нийгмийн гаж үзэгдлүүдэд өртөж эхэлдэг.

Эв нэгдэлт гэр бүл

Эв нэгдэлт гэр бүлд хүлээцтэй хандах явдал хамгийн чухал байдаг. Гэрийн гишүүн бүр өөрсдийн эрхийг дээд зэргээр эдлэхийн зэрэгцээ үүрэг хариуцлагаа ч бас маш сайн ухамсарлах ёстой. Эв нэгдэлт гэр бүл үргэлж хайраар дүүрсэн, бүлээн дулаан уур амьсгалтай байдаг. Хайраар үргэлж бялхсан байдаг учраас хүүхэд шударга, бие даасан хүн болон хүмүүжиж хөгждөг. Хүүхдүүдийн шаардах зүйл болон ааш авирт тавих тодорхой зааг хязгаар байдаг хэдий ч тэр хязгаарын дотор бол чөлөөтэй эрхтэй.

Хүүхэд, эцэг эх аль алиных нь эрхийг хүндэтгэн үзнэ. Тодорхой хязгаарласан ч гэсэн тэр хязгаарын дотор маш чөлөөтэй байдаг тул хүүхдийн бүтээлч чадвар, мэдлэгийг дээшлүүлэх боломж маш их юм. Эв нэгдэлт гэр бүлд хамтын ажиллагаа, бусдад туслах уур амьсгал зонхилж байдаг. Иймээс хүүхдүүд өөрсдийн онцгой авьяас чадварыг хөгжүүлэх үедээ хэтэрхий амин хувиа хичээсэн байдад ордоггүй. Эв нэгдэлт гэр бүлд өссөн хүүхэд өөртөө итгэлтэй, өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандах хандлага төлөвтэй болдог ажээ.

 

Зөвлөх: Монголын хөгжлийн төв ТББ /“Хүүхдээ хүмүүжүүлэн төлөвшүүлэхгүй” гарын авлага/

X
Нэвтрэх