Боловсрол

image

Хэдий цахим ертөнц хурдтай өсөж байгаа ч номоос мэдээлэл авахыг илүүд үзэх хүмүүс олон байгаа нь сайшаалтай. Тэр дундаа өөрсдийн үр хүүхдийг ч номыг шимтэн уншдаг, номд “дурлагч” нэгэн байгаасай гэж хүсдэг томчууд ч олон. Тэгвэл хүүхдийн номыг хэрхэн сонгох болон хүүхдийг хэрхэн номд дуртай болгох талаар хүүхдийн зохиолч, судлаач А.Найгалмаатай ярилцлаа.

ЭЦЭГ ЭХ ӨӨРСДӨӨ Л НОМД “ДУРЛАГЧ” БАЙСНААР ХҮҮХЭД НОМ УНШИЖ ӨСНӨ
-Хүүхдээ ном уншдаг хүн болгохыг эцэг эх бүр л хүсдэг шүү дээ. Гэвч заримынх нь хүсэл төдийлөн санаснаар болдоггүй. Энэ юутай холбоотой вэ?
Хүүхэд бол эцэг эхийн толь шүү дээ. Аав, ээж юу л хийнэ түүнийг дуурайна. Та өөрөө ном уншдаггүй бол хүүхдээ номтой нөхөрлүүлэх гээд хичнээн ч хичээгээд чадахгүй. Гэр бүлийн орчин хүүхдэд их нөлөөтэй.

Та өөрөө ном уншдаг, ядаж сардаа нэг удаа хүүхдээ дагуулаад номын дэлгүүр орж өөртөө болон хүүхдэдээ унших ном худалдаж авдаг бол хүүхэд чинь номд өөрийн эрхгүй дурлана. Өөрөө ч ном уншдаггүй хэрнээ хүүхдэдээ номын оронд чихэр, тоглоом авч өгдөг бол таны хүүхэд ном уншдаг хүн болохгүй.
Сургууль бол зөвхөн боловсрол олгох л газар шүү дээ. Гол хүмүүжүүлэх орчин бол гэр бүл. Тиймээс багш нар ч шаардаад тэд номд дурлахгүй. Тиймээс эцэг эх л өөрсдөө номд “дурлагч” байснаар хүүхэд ном уншиж өсдөг.

-Номын дэлгүүрт ороход хүүхдийн гэх тодотголтой ном, зохиол өмнөх үеэ бодоход нэлээд их болсон. Гэхдээ эцэг эх, томчууд “хүүхдэд зориулсан монгол зохиол, үлгэрийн ном ховор байдаг, олдсон ч сайн биш” гэсэн шүүмжлэлийг хэлдэг шүү дээ. Энэ талаарх таны бодол?
Бүгд муу гэвэл би санал нийлэхгүй. Учир нь сайн ном, сайн зохиолууд байдаг. Манайхан их өнгөнд хууртдаг. Гоё хавтастай, тод өнгөтэй ном зөндөө байдаг ч доторх агуулгыг нь харах хэрэгтэй. Номыг тавилга авч байгаа мэт чанартай, өнгө үзэмжинд хэт анхаарах нь буруу. Харин тухайн зохиолын агуулга миний хүүхдэд хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг нь бодолцох хэрэгтэй.

Монголын хүүхдийн зохиолч гэх тодотголтой эрхмүүд өөрийн бүтээлдээ бүх сэтгэл зүрхээ шингээж хийдэг. Гэвч хатуу хавтастай, урагддаггүй, цаас сайтайг хэвлүүлье гэхээр үнэ өртөг өндөртэй болчихдог юм. Хүүхдийн зохиол, номоос тийм ч их ашиг олоод байхгүй шүү дээ.

-Хүүхдийг хэдэн настайгаас нь номтой “нөхөрлүүлэхэд” тохиромжтой байдаг вэ?

Мэргэжилтнүүдийн хийсэн сүүлийн үеийн судалгаа буюу зөвлөгөөнүүдэд гурван сартайгаас нь эхлээд хүүхдийг номтой танилцуулах хэрэгтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхэд гурван сартайгаасаа аливааг мэдэрч танин мэдэж эхэлдэг шүү дээ.

Энэ үеэс эхлээд хүүхдэдээ ном гэдэг зүйлийг танилцуулчих юм бол тэр бага багаар дасна гэсэн үг. Эхлээд хүрээд мэдэрдэг, дараа нь хуудсаа өөрөө эргүүлдэг бүр цаашлаад бичиг үсэгтэй болохоороо өөрөө мэдээж уншдаг болно. Нэг үгээр хүүхдэд номыг хэрэглэх дадлыг багаас нь суулгаж өгөх хэрэгтэй юм.

Харин манайхан хүүхэд нь бичиг үсэг сурангуут, өөрөө ч уншиж өгөхгүй “унш, унш” гээд баахан ном гэнэт аваад өгчихдөг. Сургууль дээр ч сурах бичгийн номоо үзээд хүүхэд үүнээс залхах хандлагатай болдог юм. Номоос нэгэнт уйдах, залхах сэдэл авсан хүүхэд тэр бүр номд дуртай болдоггүй. Тэгэхээр хүүхдийн зургаан нас хүртэлх ном хэрэглэх дадал хэвшлийг бид аль хэдийнэ суулгасан байх ёстой байдаг.

-Зурагтай ном хүүхдэд хэр нөлөөтэй байдаг вэ?
Дээрх ярианд өгүүлсэнчлэн, хүүхдийг бага насанд нь номтой танилцуулахад зурагт ном хамгийн тохиромжтой. Гэтэл зарим аав ээж “Дан зураг байхаар юуг нь ярих юм бэ” гэдэг. Зургаа хараад л үйл явдлаа өрнүүлж хүүхдэдээ ярих ёстой юм. Тэрхүү ярианаас хүүхэд маш олон танин мэдэхүй, үгийн сангийн мэдээлэл авч байдаг.
Хүүхэд зургаа хараад өөрөө сэтгэж ч ярьж болно. Хэрэв зурган дээр цонхны цаана бороон нэг ширхэг дусал байвал “Бороо орж байна” гэхчлэнгээр томчуудын анзаарахгүй зүйлсийг ч гярхай анзаардаг жижигхэн хүмүүс. Учир нь тэдний төсөөлөн бодох, мөрөөдөх чадвар нь маш их байдаг. Тиймээс зурагтай ном бол хүүхдийн сэтгэн бодох чадварт харин ч сайнаар нөлөөлнө.

“ХҮҮХДИЙН НОМ ОЮУНЫ, СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙ Л ХИЙДЭГ АЖИЛ”
-Номын дэлгүүрээс хүүхдийн сайн номыг хэрхэн ялгаж, сонгож авах вэ?
Томчууд бид хүүхдийнхээ насан дээр өөрийгөө байгаа мэт төсөөлөөд номын сонголтоо хийх хэрэгтэй. Жишээ нь миний хүүхэд хоёр настай байлаа гэхэд үг өгүүлбэр холбоод дөнгөж ярьж эхэлж байгаа хүүхдэд яриа хөгжлийг нь нэмэгдүүлэх номыг сонгох хэрэгтэй. Хэдэн сартай, настай хүүхдэд авч өгөх гэж буйгаа бодолцох нь чухал. Номын арын хавтсанд ч зориулагдсан насыг нь ч заасан байдаг.

Ном авч өглөө гэхэд зүгээр л шууд өөрт нь “май” гээд өгөх ёсгүй юм. Хэрэв тэгэх юм бол хүүхэд уншихгүй. Харин та өөрөө тухайн номыг эхлээд уншиж, ярьж өгөх хэрэгтэй. Уншихаас илүүтэй утга агуулгыг нь ярьж тайлбарлаж өгөөрэй. Тэгэхээр таны хүүхдийн насанд тохирсон, сонирхлыг нь татаж байвал сайн ном гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл зургаан нас хүртэл нь хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулж номыг сонгох хэрэгтэй.

-Зарим хүүхдийн ном утга агуулга муу, шууд “махчлаад” орчуулсан, их алдаатай байдаг шүү дээ. Энэ талаарх таны бодол?
Хэн дуртай нь л хүүхдийн ном орчуулж, хэвлэн гаргаж байгаагийн нэг шалтгаан юм болов уу. Тухайн номыг үйлдвэрлэсэн газар, зохиолч, орчуулагч нь хэн бэ гэдгийг нь харах хэрэгтэй. Нэг үгээр эцэг эхчүүд өөрчдөө үүнд хяналттай байх ёстой. Тэгэхгүй бол хүүхдэд буруу агуулга, үг хэллэгтэй номыг хэрэглүүлэх юм бол хожмоо ямар хор уршигтайг бид мэдэхгүй. Яг үнэндээ хүүхдийн ном бол мөнгө олдог бизнес биш юм. Энэ бол оюуны, сэтгэлтэй хүний л хийдэг ажил.

Түүнээс биш нэг үлгэрийг орчуулж хэвлүүлээд, өнгө будгаар хуурах гэдэг нь буруу юм. Бид хүнс авахдаа хүртэл чанартай, шим тэжээлтэйг нь авахыг эрмэлздэг шүү дээ. Яг л түүн шиг ном авахдаа ч чанартай, агуулга сайтайг сонгох эрх нь эцэг эх, томчуудад бий.

Үг үсгийн алдаатай, агуулга муу, канондсон үлгэрийн номнуудыг 300₮, 500₮ гээд гадуур худалдаалагддагт маш их харамсдаг. Хүүхдэдээ ном авч өгч байгаа сэтгэл нь сайхан ч миний хүүхэд ямар агуулгатай, чанартай ном уншиж байна гэдэгт огт анхаардаггүй юм шиг санагддаг. 500 төгрөгний чанаргүй гурван ном авснаас нэг чанартай ном авсан нь дээр шүү дээ.

-Өсвөр насныханд чиглэсэн ном, уран зохиол хэр элбэг байдаг вэ?
-Өсвөр насныхан манга буюу комик номд дуртай. Яг монгол агуулгатай комик гэхээр манайд “Ногун”-аас өөр дурдчих ном яг одоо санаанд орж ирэхгүй байна. Мөн орчуулгын тууж, өгүүллэгүүд тэдний сонирхлыг их татдаг. Тэгэхээр өсвөр насныханд зориулсан монгол агуулгатай номын орон зай хоосон байна гэж хэлж болно.

“ХОЁР ӨТТЭЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНО, ПОРОРОГИЙН ДУУГ МЭДЭХГҮЙ ХҮҮХЭД АЛГА”
-Та “Маамуу” үндэсний брэндтэй хамтран ажиллаж байгаа шүү дээ. Тэгвэл “Маамуу” үндэсний төслийн талаар ямар бодолтой байна вэ?
-Одооны бага насны хүүхдүүд ихэвчлэн орчуулгын, гадны хүүхэлдэйн кино, контентийг үзэж байна. Хоёр өтний тухай гардаг (Ларва) хүүхэлдэйн кино, Поророгийн дууг мэдэхгүй хүүхэд хүртэл алга. Тэгэхээр үүний цаана хүүхдэд зориулсан үндэсний контент дутагдаж, тэд “цангаж” байгаа нь харагдаж байна.

Томчууд нь Солонгосын савангийн дуурь, багачууд нь мөн Солонгосын хүүхэлдэйн кино үзээд байвал манай улс өөрийн гэсэн үндэсний бодлого, агуулгагүй болно. Тэгэхээр “Маамуу” үндэсний брэнд бол тэр үгүйлэгдээд байсан орон зайд гарч ирж чадсан, яг цагаа олсон төсөл гэж боддог. Тиймдээ ч уг ажлыг хийж байгаа “Монгол Контент” компанийн хамт олонд маш их талархаж байна. Энэхүү төсөл цаашдаа амжилттай хэрэгжвэл бага насны хүүхэд бүр “Маамуу”-ийн хүүхэлдэйн киног үзэх дуртай, бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг, хүмүүжил төлөвшилд нь эерэгээр нөлөөлөх болно.

Тиймээс гадны соёлыг түгээн дэлгэрүүлэхээс урьтаад бид өөрсдөө монгол агуулгатай чанартай контентоо дэмжиж, хэрэглэх учиртай.
-Хүүхдийг номоор хүмүүжүүлэх боломжтой юу?
-Эцэг эхчүүдийн хүүхдэдээ цаг заваа зориулж чадахгүй байгаа олон зүйлийг ном нөхөж өгнө. Жишээ нь хүүхдээ яг ямар арга барилаар хүмүүжүүлэх тал дээр олон эцэг эх тодорхой ойлголтгүй байдаг. Түүнийг номоос мэдэж болно. Нөгөө талаар хүүхэд өөрийн зан араншингийн дутагдлыг ном, үлгэрээр дамжуулж ойлгон авч хүмүүждэг. Тэгэхээр ном таны дутуу орхисон, хүүхдийн хүмүүжлийн арга барилыг “дүүргэдэг” гэсэн үг.

Мөн “ядраад байна, завгүй байна” гэх шалтгаанаар хүүхэдтэйгээ харилцахаа хойшлуулдаг эцэг эх цөөнгүй. Гэтэл бид оройд дор хаяж нэг үлгэр уншиж өгөх нь хүүхдэд хэл яриа, эерэг зан суртахууны төлөвшлийг ямх ямхаар суулгаж өгч байдаг. Ээжийнхээ эсвэл аавынхаа өвөр дээр суугаад үлгэр уншуулж байгаа хүүхэд мөн тэднийхээ хайрыг давхар мэдэрч, тайвширдаг. Тийм болохоор л үлгэр яриулж буй хүүхдийн тархи амарч, нойр нь хүрдэг юм.

Мөн хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, үгийн сан, харилцааны чадвар, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт нэмэгддэг гээд дурдаад байвал ном олон давуу талтай. Өгч байгаа хоол хүнс, хувцас хэрэглэлийг хүүхдэдээ өгөх хайр гэж андуурч болохгүй.

Тоо бодъё л доо. Бид хоногийн 24 цагийн 8 цагийг ажилдаа, замын түгжрэлийг тооцвол 2 цагийг ирж очиход, 8 цагийг унтахад, гэр орны ажил, хоол хийх идэх, өөртөө зарцуулах цагийг нийлүүлээд 3 гэж тооцвол цаана нь яг 3 цаг л үлдэж байна. Тэр цагаа л хүүхдэдээ зарцуулах хэрэгтэй. Тиймээс та хүүхдэдээ хэр их цаг зав зарцуулж байна, тэр хэмжээгээр хайрлаж байна гэсэн үг.

-Томчууд уйлж байгаа хүүхдээ тайвшруулахын тулд аргагүйн эрхэнд гар утсаа өгдөг. Мөн бага насны хүүхдүүд ч эцэг эхтэйгээ гар утас булаацалдах нь холгүй байдаг. Энэ нь мэдээж буруу л байх. Тэгвэл томчууд өөрсдөө энэ асуудалд хэрхэн хандах ёстой юм бол?
Хүүхэд гэлтгүй томчуудад ч цахим хэрэглээ сөргөөр нөлөөлдөг гэдгийг бүгд л мэддэг. Цахим хэрэглээ байхгүй хуучны үед хүүхдүүд гадаа үеийнхэнтэйгээ тоглож цагийг өнгөрөөдөг байсан. Хүүхдээ гэрт “хорьчихоод” л “зурагт битгий үз, утас битгий оролд” гэх нь утгагүй. Тиймээс харгалзах хүнтэйгээр аль болох гадаа гарга. Одоо ч урин дулаан цаг ирсэн байна. Ийм үед гадаа, цэвэр агаарт гаргах нь зүйтэй. Чөлөөт цагаа өөр зүйлд хандуулаад ирэхээр хүүхэд аяндаа утаснаас хөндийрнө.

Мөн ээж аавууд гэртээ ирээд л утсаа оролдоод эсвэл зурагт үзээд суудаг бол хүүхэд чинь мөн л тийм байх болно. Тиймээс хүүхдэдээ үг хэлээрээ биш үйлдлээрээ үлгэрлэх хэрэгтэй. Гэр бүлийн орчиндоо л цахим хэрэглээгээ багасгах нь хамгийн үр дүнтэй арга. Сонирхолтой зүйл зөвлөхөд, оройн хоолны дараа (зурагт, утас, компьютер гэх мэт) бүх цахим зүйлсээ унтраагаад дор хаяж нэг цаг болоод үзээрэй.

Гэр бүлийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөх нь вэ, та нэг ажаарай. Түрүүн дурдагдсан үнэтэй 3 цагийг бид гар утсаа оролдож бус хайртай хүмүүс, гэр бүлийнхэндээ л зориулах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч: Б.Нямдарь

X
Нэвтрэх