fbpx

Хүмүүжил

image

БИД ӨӨРСДИЙН ЭЦЭГ ЭХИЙН АРГА БАРИЛААС ӨӨР АРГА ЗАМЫГ МЭДДЭГГҮЙ
Ихэнх хүмүүс хүүхдийн хүмүүжил боловсролын талаар тодорхой ойлголт мэдлэггүй байдаг. Гэнэт л хүүхдийн асуудалтай тулгармагцаа өөрийн эцэг эхийн баримталж байсан арга замыг “туршдаг”. Ер нь хүмүүсийн мэддэг, тэдэнд хамгийн ойрхон арга барил нь эцэг эхийнх нь арга барил байдаг. Тийм ч тааламжтай бишийг нь өөрийн биеэр мэдэрсэн байдаг ч тэр бүхнийг хэдийнэ мартаад тэрхүү эцэг эхийн үүднээс хүүхэдтэйгээ харилцдаг.

Хялбар арга замыг сонгох: Ихэнх гэр бүл “Алганы амт үзүүлэх” нь асуудлыг шийдвэрлэх хамгийн товч бөгөөд тодорхой арга гэж үздэг. Хэдий ингэснээр хүүхдийг үгэндээ оруулж, хүссэнээ хийлгэж болох боловч энэ нь нэг л удаагийн “амжилт” бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд хүүхэд "толгой өвтгөгч" болон хувирдаг.

УУР ХИЛЭНГЭЭ БАРЬЖ ЧАДДАГГҮЙ
Хүүхэд хүмүүжүүлэх явцад олон асуудал шалтгаанаар бид уурладаг. Гэвч үнэн хэрэгтээ хүүхэд биднийг бус бид л өөрсдийгөө бухимдуулдаг. Бодох арга зам маань үүнд хамгийн их нөлөөтэй.

Жишээлбэл, хүүхэд хөлд орохтой зэрэгцэн тэдний сониуч зан нь ихэсдэг. Ихэнх тохиолдолд ээжүүд хүүхэд нь явж эхэлмэгц “хориотой бүсүүдийг танилцуулж” хүүхдийн сонирхлыг улам их төрүүлдэг.

ЗОДОХ, ШИЙТГЭХИЙГ УРЬТАЛ БОЛГОХ
Үүнд хатуу ширүүнээр загнах, зодох, гар хүрэх, өндөр дуугаар зандрах зэрэг олон үйл байдал орно. Харцаараа болох үед хүүхэд рүү хашхирч загнаснаар дараагийн удаад хүүхэд хашхирахаас нааш ойлгодоггүй болдог. Улмаар ингэж сургах нь хангалтгүй санагдан гар хүрвэл, зодуулахаас урьд ойлгож хүлээж авахаа болин дөжирч, эцсийн дүнд “Юу ч хэлээд, яаж ч хичээгээд ойлгодоггүй” хүүхэд хүмүүжнэ. Бид үүнийг хүссэн гэж үү? Та энэ талаар урьд өмнө бодож байсан уу?

Дээрх хүмүүжлийн аргуудыг та хэр их хэрэглэдэг вэ? Ер нь эдгээр аргыг хэрэглэх нь үр дүнтэй гэж та үзэж байна уу? Үүнээс дүгнээд үзвэл эцэг эх, насанд хүрэгчид хүүхдээ хэрхэн, яаж хүүхдээ хүмүүжүүлэхээ мэдэхээ больсон, нөгөө талаар тэдэн насны хүүхдээ ингэж, ингэж хүмүүжүүлнэ гэсэн нарийн зааврыг авахыг илүүд хүсдэг болсон байна.

Ерөнхийдөө тухайн хүүхдэд тохирох аргыг нь олж, эерэг хүмүүжлийн хандлагыг зохих хэм хэмжээнд нь байлгах нь хамгаас чухал. Хүүхдийг загнаж, зандрахаасаа өмнө дуугаа намсган, бие махбодоос нь илүү оюун санаанд ухаарал, эргэцүүлэл өгөхүйцээр ярих шаардлагатай. Багадаа дотно харилцааны дутагдалд орсон хүүхдийн хувьд биеийн хөгжил, сул дорой, сэтгэцийн хөгжил удаашралтай, сааталтай, уур уцаартай, түгшүүртэй зэрэг хэв шинжтэй болдог байна.

Эх сурвалж: Эцэг эх – Хүүхэд – Харилцаа II, 2011 он

X
Нэвтрэх