fbpx

Халдварт өвчин

image

Он гарсаар эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн 5 жилийн дунджаас 66 тохиолдлоор их байна. Өвчлөл хоёр хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор гар, хөл, амны өвчин нэмэгдэх хандлагатай байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаагаас энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.

-Гар, хөл, амны өвчин ихсэх хандлагатай байна гэсэн. Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Уг халдварт өвчин нь хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг.

Халдварт өвчний нууц үе 3-5 хоног үргэлжилнэ. Нууц хугацаанд ядарч, сульдах, халуурах, толгой өвдөх, бөөлжих зэрэг ерөнхий халдвар хордлогын шинж тэмдэг илэрнэ. Аман дотор цэврүүт тууралт гардаг. Тэр нь их өвдөлттэй байдаг учраас хүүхэд хоолонд дургүй болдог. Бүх насныхан өвчлөх хэдий ч тав хүртэлх насны болон бага насны хүүхдүүд өртөх нь элбэг.

Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай. Өвчний үед өрхийн эмчийн хяналтад гэрт нь 14 хоног асрах шаардлагатай гэж үздэг.

-Халдвар хэрхэн дамждаг юм бол.
-Агаар дуслын замаар болон халдварт өвчтэй хүнтэй хүрэлцэх үед халдвар дамжина. Өвчтэй хүүхдийн тоглоом, цэврүүнээс гарсан шүлс маш халдвартай. Гарын алган дээрх цэврүү хагарч гарсан шүүс, өтгөнөөр дамжих буюу хүрэлцэх үед халдвар дамжина. Халдвартай хүүхдийн тоглосон тоглоом, бие зассаны дараа хөтөвч, суултуурыг угааж цэвэрлэх шаардлагатай. Тэр дундаа хүүхдийн тоглоомыг өдөр бүр савантай бүлээн усаар угааж, сайтар зайлж байх хэрэгтэй.

-Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, ханиаж найтаахдаа ам, хамраа таглах, өвчтэй хүнтэй хүрэлцэхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой. Тэр дундаа гэр орон, цэцэрлэг сургуулиуд байгалийн агаар сэлгэлтийг чухалчлах хэрэгтэй. Цэцэрлэгүүд хүүхдүүдийн тоглоом, суултуурыг цэвэрхэн байлгах хэрэгтэй. Дээр нь агаар цэвэршүүлэгч, агаар ариутгагчийг хэрэглэх нь зүйтэй.

Харин өвдсөн үед шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Зөвхөн гар, хөл, амны өвчин гэлтгүй салхинцэцэг, гэдэсний халдвар гэх мэтчилэн халдварт өвчний үед шингэн зүйл сайн уулгах нь хордлого тайлах ач тустай.

Түүнээс гадна дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол гар угаах. Гараа тогтмол, дарааллын дагуу угааж хэвших хэрэгтэй. Гараа зөв, тогтмол угааснаар халдварт өвчнөөс 90 хувь урьдчилан сэргийлэх боломжтой.

Гар, хөл, амны өвчний үед энгийн эмчилгээг санал болгодог. Харин цэврүүт тууралт идээлэх юм бол хүндэрч байна гэсэн үг. Цэврүүт тууралтын үед энгийн эмчилгээ хийж байсан бол бохирдож, идээлж арьсны үрэвсэл болох юм бол антибиотик эмчилгээ хийнэ гэсэн үг. Тиймээс эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих хэрэгтэй.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх