fbpx

Нүд

image

Нүдний харааны талаар бидний зайлшгүй мэдэх шаардлагатай дараах зөвлөгөөг АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш Д.Довчинжамц өглөө.

Хотжилт яах аргагүй биднийг дөрвөн хананы дунд барьж байна. Гудамж, талбайд харах талбай хязгаарлагдмал. Энэ мэт байдал нь хүүхдийн нүдний хөгжилд сөргөөр нөлөөлж, өсөлт хэвийн бус явагдахад нөлөөлж байна. Хүний нүд хол, ойрын юмсыг тэнцвэртэйгээр харж байж хөгждөг. Гэртээ утас, таблет ширтэж өссөн хүүхдийн дэргэд амьдралынхаа ихэнх цагийг агаарт өнгөрүүлсэн хүүхдийн хараа сайн байдаг.

Бага насны хүүхдүүдэд утас, таблет хэрэглүүлэх зөвшөөрөгдөх хугацааг 2-3 цаг. Хүүхдийг агаар салхинд тогтмол гаргаж, бие организмыг нь чийрэгжүүлэх хэрэгтэй. Бие эрүүл бол нүд эрүүл байна. Нэг удаа шил таарууллаа гээд хараа тогтдоггүй. Хүүхдийн бие махбод эрчимтэй өсдөг учраас 20, 21 хүртлээ байнга өөрчлөгдөнө гэсэн үг.

Хэвийн үед нүд цавчилт хоорондын хугацаа 6 секунд. Бид илүү их зүйлд төвлөрөхөөр тэрхүү цавчилт цөөрдөг. Тэр үед нүдний цавчилт цөөрч нүд хуурайшдаг. Нүдэн дээр ургасан мах хуурайшилт, нарны хэт ягаан туяа, салхи тоосжилтоос үүсдэг. Нэг үүссэн бол мэс заслаар авахаас нааш алга болдоггүй.

Дусаалгууд нүд чийгшүүлдэг, нүдний улайлтыг багасгадаг, сэнгэнүүлдэг гэх мэт дотроо олон янзын үйлчилгээтэй. Миний хувьд нүдэнд чийг өгөх дусаалгыг зөвлөдөг. Нүдний улайлт арилгадаг дусаалга судсыг хүчээр агшаадаг. Агшчихсан судас шим тэжээлийн дутагдалд ордог. Хиймэл нулимс нүдийг чийгшүүлэх үүрэгтэй болохоос шим тэжээл өгөхгүй.

Хэрэв тухайн хүн 40-өөс дээш настай, юм удаан ширтэхээр нүд нь бүрэлздэг, сайн хардаг ч дэлгэц ширтэхээр нүдний угаар өвддөг бол настай холбоотой илэрч буй өөрчлөлт. Тийм хүмүүс шилийг ойрын юм харах, ажлаа хийх үедээ зүүвэл тохиромжтой. Бусад үед шилгүй явж болно гэсэн үг.

Бага зэргийн сул хараатай хүмүүс ажил мэргэжлийн холбоотойгоор тод харах хэрэгцээ байдаггүй бол заавал шил зүүх шаардлагагүй.

Гоёлын линзийг өдөр тутамд зүүх тохиромжгүй. Харааны линзийг өдөр тутамд хэрэглэх зориулалттай болохоор аль болох нүдэнд хүндрэл үүсгэхгүйгээр тохиромжтой байдлаар хийсэн байдаг.

Хараа муудаж байна гэдэг хожуу шатандаа очсон гэсэн үг. Энэ үед эдгэрэх, буцаад төлжихөд хүндрэл учирдаг.

Нүдний лазер хагалгаа нүдний бүрэн бүтэн байдлыг алдагдуулаад эвэрлэгийг нь өөрчилж байгаа болохоос нүдийг нь буцааж хэвийн болгож байгаа хэрэг биш.

Сэтгүүлч: Г.Одгарав

X
Нэвтрэх