fbpx

Нярай

image

Хүүхдийн толгойн урд дээд хэсэгт байрлах зулай хэмээх ясгүй хэсэг ямар учиртай вэ, ямар байх ёстой вэ /том, жижиг, төмбөгөр, хонхор г.м/ хэзээ битүүрэх ёстой вэ гэсэн асуултууд элбэг. Хүүхэд эхийн хэвлийд байх үед толгойн яс тус тусдаа хэд хэдэн яснаас тогтож байдаг ба төрсний дараа ч тодорхой хугацаанд ийм байдаг. Яг зулайн хэсэгт илүү том ойролцоогоор 2.5 х 2.5 см хэмжээтэй ясгүй хэсэг байдаг үүнийг хүүхдийн зулай гэнэ. Хүүхэд бүрийн зулайн хэмжээ өөр өөр.

ЭНЭ ХЭСЭГ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ
Нэгдүгээрт: Төрөх үед энэ хэсгийн яснууд энэ зайг ашиглан хоорондоо ойртсоноор толгойн хэмжээ жижгэрч төрөх замаар гарахад тустай болдог.

Хоёрдугаарт: Төрсний дараа зулай хүүхдийн дулаан зохицуулгад оролцдог, зарим эмч нар хүүхэд зулайгаараа тодорхой хэмжээгээр "амьсгалдаг" гэдэг. Төрсний дараа хүүхдийн өсөлт хөгжилт маш эрчимтэй, цаг мөчөөр явагддаг энэ үед тархины хөгжил бүүр их эрчимтэй явагддагтай холбоотой толгой халдаг энэ халалт зулайгаар дамжин гадагшилдаг. Мөн хүүхэд 38 хэмээс дээш халуурахад зулайгаар гаднаас сэрүүн агаар орж тархийг "сэрүүцүүлдэг” байна.

Гуравдугаарт: Төрсний дараа зулай байснаар тархи хөгжиж томроход шаардлагатай орон зайг бий болгон гавлын яс тодорхой хэмжээгээр тэлж байдаг. Мөн зулай битүүрээгүй яснууд тус тусдаа байснаар хүүхэд санамсаргүй унахад яснууд зулай руу хоорондоо ойртон тархи доргих, гэмтэхээс сэргийлэх зөөлөвч /амортизатор/-ийн үүрэг гүйцэтгэдэг.

       

Зулай хэт том биш бас жижиг биш төвгөр биш лугшилтгүй, хонхорхой биш байх ёстой. Хэт том буюу 4х4 см хэмжээтэй байх нь жирэмсэн үед ээжид кальци, фосфор дутагдалтай байсны илрэл байж болно гэхдээ санаа зовох зүйл биш харин 1 нас, 1 нас 6 сар хүрсэн хойноо зулай битүүрээгүй буюу том байх нь сульдаа /рахит/ өвчин буюу хүүхдэд кальци, фосфор витамин Д дутагдаж буйн гадаад илрэл.

Хэт жижиг байх нь аливаа нэг эмгэгийн шинж биш бөгөөд хүүхэд 6 сартай болсон хойноо нэг ч шүдгүй байвал зулай хичнээн жижиг байсан ч кальци витамин Д өгөхөөс өөр аргагүй болно. Зулай төмбөгөр байх, лугшилттай байх нь тархины даралтын маш тод шинж тэмдэг бол хонхорхой байх нь шингэн алдалт, тэжээлийн архаг дутагдлын шинж болно. Зулай төмбөгөр лугшилттай байх нь ганцхан тархины даралтын шинж тэмдэг биш өөр олон эмгэгийн /Дауны хамшинж, менингит, энцефалит г.м/ шинж байж болно.

Хамгийн сүүлд нь тэмдэглэхэд 1 нас хүртэл зулай битүүрэхгүй байх нь хэвийн, түүнээс өмнө битүүрэх нь бас ямар нэгэн эмгэгийн шинж тэмдэг биш ба мөн зулай эрт битүүрэхээс сэргийлэх ямар нэгэн эм бэлдмэл байхгүй.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх