fbpx

Хүүхдийн хөгжил

image

Монгол хүүхдэд тохиолддог бэрхшээлүүдийн онцлог, шинж байдлаар ерөнхий, тодорхой, тусгай бэрхшээл гэсэн 3 ангилалд авч үзнэ.

ЕРӨНХИЙ БЭРХШЭЭЛ

Гол төлөв эрүүл хүүхдэд тохиолддог нийтлэг бэрхшээл бөгөөд дөрвөн гол шинж тэмдэгтэй. Үүнд:

  • Хүүхэд өсөж хөгжих явцад өөрөө аяндаа засарч байдаг.
  • Тодорхой тохиолдолд бусдын тус дэмжлэг авч засардаг бөгөөд дахин давтагдаж илэрдэггүй.
  • Харьцангуй богино хугацаанд засарч чаддаг.
  • Ерөнхий бэрхшээлийн засрах явцад тухайн хүүхдийн хөгжилд ахиц, дэвшил гарч, улмаар бүр төлөвшиж, шинэ шинэ өөрчлөлтүүд бий болж байдаг.

ТОДОРХОЙ БЭРХШЭЭЛ

Тухайн хүүхдийн унших, бичих, ярих, бодох, зохион бүтээх, зурах, дуулж хөгжилдөх зэрэг танин мэдэх үйлд нь саад учруулж хожуу илэрдэг. Энэ нь тодорхой нэг төрлийн үйл ажиллагаанд тохиолдож хүүхдэд сурах бэрхшээл хэлбэртэй, дөрвөн шинж тэмдгээр илэрч байдаг.

  • Өөрөө аяндаа засарч чадахгүй.
  • Бусдаас нарийн мэргэжлийн туслалцаа зайлшгүй шаарддаг.
  • Мэргэжлийн багш, сэтгэл зүйч, хэл засалч зориудаар засаж залруулна.
  • Оновчтой зөв туслалцааны үр дүнд ахиц гарч байдаг.

ТУСГАЙ БЭРХШЭЭЛ

Хүүхдийн хардаггүй, сонсдоггүй, ярьдаггүй, оюун ухааны бэрхшээлтэй, хөдөлгөөний болон зан төлөвийн өөрчлөлтөөс болж үүсдэг бэрхшээл юм.

  • Өвчин эмгэг, согогийн үед илэрдэг. Илрэх онцлогийг харгалзан үзэж, дотор нь 3 хуваадаг.
  • Үндсэн бэрхшээл нь хараагүй, сонсголгүй, ярьдаггүй, эмгэг төрхтэй, хэвтрийн буюу хөдөлгөөний хүнд хэлбэрийн хязгаарлалттай, оюуны бэрхшээлтэй гэх мэтээр давхар согогийг илэрхийлж байдаг.
  • Дагалдах бэрхшээл нь үндсэн бэрхшээлийн зэрэгцээ, тухайлбал хараагүй мөртлөө оюун ухааны эсвэл хөдөлгөөний тусгай бэрхшээлтэй, сонсдоггүй мөртлөө оюун ухааны бэрхшээлтэй гэх мэтээр давхар согог илэрхийлж байдаг.
  • Хүндрэх бэрхшээл нь өвчний хурц явц улам бүр даамжирч эрүүл мэнд муудах үед тохиолддог байна. Тухайлбал эрүүл хүүхдийн мэдрэлийн ядаргаа даамжирснаас болж гацах нь нэмэгдэж, татаж унах, зан ааш эвдрэх, муухай аашлах зэрэг өөрчлөлтүүд зэрэгцэн гардаг болно гэсэн үг.

Ийнхүү эмгэг согог тус бүрээр тодорхойлох нь багш, эцэг эх, туслах багшаас тухайн хүүхэдтэй ажиллахад ач холбогдолтой.

  • Хүүхдээ зөв таньж мэдэх
  • Заслын арга барилаа оношлон тогтоох
  • Хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлийг засаж арилгах
  • Үйл ажиллагааны үр дүнг зөв үнэлж дүгнэх зэрэг цаашдын үйл ажиллагааг зөв тодорхойлоход тусална.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүй

X
Нэвтрэх