Хүүхдийн хооллолт

image

ХЭЗЭЭ ӨГӨХ ВЭ?

Хүүхэд хоол идэх гэж хүсэхээс өмнө эхчүүд сайн дураараа нэмэгдэл хоол өгч болохгүй. Хүүхдэд 6 сартай болох үеэс анхны нэмэгдэл хоол өгнө. ДЭМБ-ын эмч мэргэжилтнүүд судалгаа туршилтаараа хүүхдэд 4 сар болохоос өмнө өгөх нь тохиромжгүй гэдгийг тогтоосон.

НЭМЭГДЭЛ ХООЛОНД ХЭТ ЭРТ ОРУУЛСНААР:

  • Хүүхэд хөхөх эхийн сүүний хэмжээг багасгаснаар хүүхдийн хоолны тэжээллэг чанар багасна
  • Хүүхдэд бага сартай үедээ өтгөвтөр хоол идэж чадахгүй тул тэжээллэг багатай шингэн хоол өгөх хэрэгтэй болох тул хоолны тэжээллэг чанар багасна.
  • Эхийн сүүнээс авах өвчнөөс хамгаалах олон бодисыг авч чадахгүйд хүрсний улмаас хүүхэд өвчлөх эрсдэл ихтэй болно.
  • Нэмэгдэл хоол эхийн сүү шиг цэвэр ариун байж хялбар шингэхгүй тул суулгалт өвчинд өртөх магадлалтай.
  • Нэмэгдэл хоолонд хийдэг бусад малын сүүний уураг харшил үүсгэх хандлагатай тул харшлын гаралтай өвчинд өртөх нь их.
  • Хүүхдээ цөөн хөхүүлсний улмаас эх эрт жирэмслэх магадлалтай.

НЭМЭГДЭЛ ХООЛОНД ОРОЙТОЖ ОРУУЛАХ НЬ Ч БАС ЭРСДЭЛ ДАГУУЛНА

  • 6 сараас хэт хойш анхны нэмэгдэл хоол өгөх нь тохиромжгүй бөгөөд 6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгнө.
  • Хүүхдийн өсөлт хөгжил, бусад олон үйл ажиллагаанд шаардлагатай илчлэгийг авч чадахгүйд хүрнэ.
  • Өсөлт хөгжил нь удааширна.
  • Хоол тэжээлийн дутлууд, төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх шаардлагатай бодисуудыг авч чадахгүйд хүрнэ.

АНХ НЭМЭГДЭЛ ХООЛОНД ОРУУЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛҮҮД?

  • Анхны хоол өгөх үед хүүхэд ямар нэг өвчнөөр өвдөөгүй байх
  • Зуны халуунд нэмэгдэл хоолонд оруулах нь гэдэсний өвчнөөр өвдөх эрсдэл дагуулна
  • Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх хугацаанд нэмэгдэл хоол өгөх хэрэггүй
  • Анхны нэмэгдэл хоолыг үдээс өмнө цаашид энэ цагтаа нэмэгдэл хоолоо дагнан идэх цагийг сонгож өгнө
  • 2 хоол зэрэг өгч болохгүй
  • 1 хоолонд дасаж хэмжээнд хүртэл өгдөг болсны дараа буюу 10-14 хоногийн дараа тухайн цагтаа хоолыг нь төрөлжүүлж өгч болно.
  • Анхны нэмэгдэл хоол өгөх үед хүүхэд эрүүл, рахиттай, цус багадалттай, тураалтай, диатезтэй эсэхийг эмчээр тогтоолгосны дараа тохирох нэмэгдэл хоолыг өгнө.

 

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/


Эх сурвалж:
2 хүртэлх насны хүүхдийн хооллолт I, 2014 он

X
Нэвтрэх