fbpx

Боловсрол

image

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлэгт оролцжээ.

“Үндэсний хэлэлцүүлэг”-т орон нутаг, нийслэлийн арваас дээш жил ажилласан туршлагатай багш нараас бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тусгай аргачлалын дагуу хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийжээ.

2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт засах асуудал олон байгааг багш нар ярьж байна. Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлтэй уялдаагүй, хэт яаравчлан бүх сургуульд хэрэгжүүлсэн, сургууль, багш нар, олон нийтэд хангалттай ойлголт өгөөгүй, ахлах ангид хичээл заах багшийг бэлтгээгүй, хот хөдөөгийн сургуулийн бодит нөхцөл байдлыг тооцоогүй учир амжилттай хэрэгжээгүй гэсэн шүүмжлэл дагуулсаар байна.

Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн олон удаагийн ойрхон өөрчлөлт агуулгын давхардал бий болгосон, хичээл, судлагдахууны тоог нэмсэн, сурагч, багшид ачаалал бий болгосон тухай багш нар ярьжээ.

Наад зах нь нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хөтөлбөрт /тэнхлэгийн тэгш хэмийг ойлгуулах/ сэдэв байгааг дурдав. Энэ нь зургаан настай хүүхдэд тохирох сэдэв биш гэсэн юм. Мөн дараа жилийн хөтөлбөрт дахин орж ирдэг нь өрөөсгөл гэсэн шүүмжийг бага ангийн багш нар хэллээ. Энэ бол зөвхөн нэг жишээ юм.

Бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн зургаан чиглэлээр баг ажиллав. Сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар хөтөлбөртөө дүн шинжилгээ хийж байгаагаараа энэ удаагийн хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тохирц, агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрэл, агуулгын давхардлыг судалж, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш, суралцагчийн ачааллыг бууруулах санал, зөвлөмж боловсруулж танилцуулна.

Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагууд ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлж, үндэсний хэмжээний сургалтын бодлого болон шинээр батлагдан гарах дүрэм журамд тусган хэрэгжүүлэх юм байна.

Сэтгүүлч Б.Чимэг

X
Нэвтрэх